МАХН-ын рейтинг 12 хувьд хүрч, Сү.Батболдын Засгийн газрыг унагаах операци эхэлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

МАН-ын нэр бүхий гишүүд одоогийн Засгийн газарт сэтгэл дундуур байгаа, Засгийн газрыг энэ таван сард багтаан огцруулна гэх мэт шуум саарал ордонд аль эрт л гараад эхэлсэн. Үүнд МАН-ын залуучууд голдуу гишүүдийн нэр дуулдаж байлаа. Энэ бүхнээс хамгийн эхэлж Э.Мөнх-Очир ил гарч ирлээ. Тэр хамтарсан Засгийн газрыг тараах ёстой, МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлж, АН хяналтаа тавь гэжээ. Тэр “Манай нам АН-тай  стратегийн том ордуудыг эргэлтэнд оруулж, гацаанд ороод байсан эдийн засгийн хөшүүргийг урагшлуулах гэж хамтарсан. Одоо тэр ажил биеллээ. Үүнийг хамт хийлцсэн АН-д баярлалаа, одоо баяртай. Явж хяналтаа тавь” гэжээ. Тэрээр “Хамгийн гол нь Засгийн газар дээр хамтрах биш, УИХ дээр хоёр нам хамтардаг болсон. Эрүүл мэндийн даатгалын хууль, нийгмийн даатгалын хуулин дээр ингэж хандаж болохгүй” гэх мэтээр Засгийн газрыг тараах үндэслэлээ тайлбарлажээ. Гэвч нам дээр яригддаг зүйл бол “Сү.Батболд, Хүрэлсүх хоёр намын рейтинг унагааж байна” гэх МАН-ын өөрийнх нь дотоод сэдэв байгаад байна. Үнэндээ Монголын тэргүүн баян Сү.Батболд С.Баяраас Ерөнхий сайдын суудлыг “бэлгэнд” авснаас хойш МАХН-ын рейтинг ганхаж эхэлсэн нь гарцаагүй үнэн. Дараа нь Хүрэлсүх гэгч нөхөр МАХН-ыг МАН болгосон нь Н.Энхбаярт өгөөш болж МАН-ын рейтинг сүүлийн хэдэн жил байгаагүйгээр доошлоод байна. Хамгийн сүүлийн судалгаагаар төрөө ч үгүй байгаа МАХН-ын рейтинг 12 хувь хүрснийг социологичид гаргажээ. Хөдөөд бол МАХН-ын рейтинг үүнээс ч өндөр гарч байна. Гэвч энэ тоо зарлагдах вий гэхээс МАН-ын лидерүүд сүнсээ зайлтал айж байна. Огцом уруудаж байгаа энэ рейтингийн уналтыг сааруулах хэд хэдэн технологи байгаагаас энэ тохиолдолд хамгийн оновчтой нь олон түмний овоо хараанд байгаа лидерийг солих явдал. М.Энхболд Засгийн газар толгойлсон чигээрээ 2008 оны сонгуульд намаа удирдаад орсон бол МАХН далаараа цэвэр тавиулах байлаа. Тухайн үедээ нэр цэвэрт тооцогдож байсан “фашист” С.Баяр орж ирснээр МАХН-ын рейтинг огцом өсч, сонгуульд ялалт байгуулсан түүхтэй. Дараа нь С.Баяр хэн болох, хэн байх нь хамаагүй. Энэ бол улс төр учраас цаг үеэ л мэдрэх шаардлагатай. Одоо МАН-ын зарим гишүүд Сү.Батболдын их хөрөнгө мөнгө, урьд нь хийж байсан улс төр-бизнесийн бохир механациуд намд маш том гай тарина хэмээн үздэгээ нуухгүй байгаа. Үнэндээ ч мэдсээр байгаа мөртлөө Сү.Батболдын бизнесийг хэвлэлүүд бичих “дургүй” байгаад байна. Энэ бол айсандаа биш, “жоорлосондоо” байгаа юм. Яг сонгуулийн ид сурталчилгааны үеэр манай Ерөнхий сайдын Англи, Монгол, Америк, Хятад, Канадад байгаа гэх өмч хөрөнгө дэлгэгдэхэд л МАН-ын рейтинг шалдаа бууна.Нөгөө талаас, бас ч гэж бизнесмен хүний ухаанаар улс төрд гарсан цагаасаа эхлэн эдийн засгийн салбарт ололттой олон ажил амжуулсан Сү.Батболдын бизнес санаачилга өөрийг нь болон намыг нь аварч болох тал бий. Өөрөө том бизнес гэдгээ шударгаар зарлаж, хүлээн зөвшөөрч чадвал шүү дээ.
Харин нас, карьер жагссан МАН-ын идэр залуу улс төрчдийн амбици үүнийг давж гарах магадлал байна. Э.Мөнх-Очирын хэлснээр манай хууль тогтоох дээд байгууллага зүгээр найрааны талбар болчихож. Энэ хуулийг манайх ингэж гаргамаар байна, та нар дэмж. Тэгвэл тэр хуулийг чинь бид дэмжинэ гэж Улсын Их Хурал дахь МАНАН-гийн гишүүд хоорондоо наймаалцдаг болсон юм байна. Ямар ч хяналтгүй болсон улс төрийн тогтолцоог даруй шинэчлэх ёстой гэж олон гишүүн үзэж байгаа аж. Тэгвэл үүний цаана Засгийн газрыг ч гэсэн унагах сонирхолтой нэг биш нэг хэсэг хүний бүлэглэл үүссэн нь тодорхой болж, эртнээс гарсан “Засаг унах” яриа бодитой болж эхэллээ.
Харин “Тантай нийлнэ, МАН-аас гарч МАХН-д нэгдэнэ, Нэрээ л аваадах” гэж МАН-ын нэр бүхий хэд хэдэн УИХ-ын гишүүн Н.Энхбаяртай уулзсан  гэх мэдээлэлд одоогоор хариулт байхгүй байна. Магадгүй, 4-р сарын 25-нд жанжны талбайд болох Ард түмний их хуралдайн үеэр энэ байдал ил болж мэдэх юм.

Ө.Мэргэндүү. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top