О.Чулуунбат С.Батболдыг “нудрах”-аар шийджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19



Сү.Батболдын Засгийн газарт муу болгон шүглээд байна. Өнгөрсөн гурван жилд мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлснийг нь УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж, гишүүдийн ихэнх нь таагүй үнэлгээ өгч эхэллээ. Тэдгээрээс хамгийн хүнд дүн буюу “Муу” гэсэн үнэлэлт өгч байгаа цөөн гишүүдийн нэг нь О.Чулуунбат ажээ. Тэрбээр Оюу толгойн гэрээг монголчуудад ашиггүй, Канад ноёдод илүү хожоотойгоор хийсэн бурууг С.Батболдод тохож байна. Энэ хэргээр бас Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт мааниа уншуулах гээд сандарч байгаа. Саяхан С.Эрдэнэ, Шинэбаяр, Д.Ганхуяг нар түүнийг огцруулахаар дахиад УИХ-ын даргад асуудал тавилаа. Тэдний энэ шийдлийг О.Чулуунбат битүүхэндээ дэмжиж байна. Хэрвээ Д.Зоригтыг сайдын сэнтийгээс хусч хаявал тэртээ тэргүй С.Батболдын Засгийн газар ганхаж орхино. УИХ-ын чуулганы хуралдаан Засгийн газрыг оrцруулах эсэх асуудлыг хэлэлцэх дээрээ тулвал О.Чулуунбат хамгийн түрүүнд алгаа ташиж угтан, мөрийн хөтөлбөрөө “Муу” биелүүлсэн юм чинь огцрох хэрэгтэй гэж том дуугарах бололтой. Түүний санаанд нийцэх юм С.Батболдын Засгийн газарт тун бага байна. Мөрийн хөтөлбөрийнх нь хэрэгжилтэнд эдийн засгийн хямрал онцгой нөлөөлсөн мэтээр тайлбарласан сайд нарыг хараад нүд нь хорсож байгаа аж. Манай урд хөрш Хятадад ямар ч хямрал болоогүй, бид хамаг бараа, хүнсээ тэндээс л зөөдөг. Юуных нь хямрал билээ. Харин өөрсдөө та нар буруу дэвээд байна, шувуухайнууд минь хэмээн тэр хатуухан шүүмжилдэг  болжээ. Орон сууцны хөтөлбөрөө санхүүжүүлэх гээд 300 тэрбум төгрөгийн бонд гарган 200 тэрбумыг нь орон сууцны корпорацид өгнө гэснийг О.Чулуунбат “Авлигын шинэ сүлжээ” бүрдүүлэх гэлээ гээд бүр ч ундууцаж байна.
 
О.Тулга. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top