Apple, Samsung хоёрын маргааны дундаас Nokia ашиг олно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 30

Сүүлийн үед дэлхий нийтийн анхааралд өртөөд байгаа Америкийн Apple Inc ба Өмнөд Солонгосын Samsung Electronics Co компаниудын хоорондох зохиогчийн эрхийн маргаан Финляндын  Nokia Oyj компанид ашигтайгаар нөлөөлж байна.

Nokia өмнө нь смартфон үйлдвэрлэлээр тэргүүлж байснаа хэсэг хугацааны дараа байршлаа алдсан ба одоо харин өнгөрөгч арванхоёрдугаар сарын эхээр Калифорнийн Сан-Хосегийн шүүхээс Samsung-ын зарим смартфоныг АНУ-ын зах зээл дээр худалдаалахыг хориглох шийдвэр гаргасан нь хэрэглэгчдийн сонирхлыг Nokia-гийн смартфон руу татах нөхцлийг бүрдүүлж өгчээ.

Финляндын Nokia компани бол тухайн салбартаа анхдагчдын нэг бөгөөд сүүлийн 20 жилийн туршид судалгаа шинжилгээ, шинэ технологийн боловсруулалтад даруй 40 тэрбум евро зарцуулан асар олон зохиогчийн эрхтэй болжээ.

Өнөөгийн байдлаар Nokia 30 мянган патентийн эзэмшигч бөгөөд телекоммуникациас материал үйлдвэрлэл хүртэл төрөл бүрийн салбарт 10 мянган зохиогчийн эрхтэй нээлт хийсэн байна.

Шинжээчдийн үзэж буйгаар зөвхөн эдгээр патентуудын үнэ гэхэд 4-10 тэрбум евро болон түүнээс дээш үнэ хүрэх аж.

Хоёр хүчирхэг компанийн маргааныг шүүх Apple-ийн талд ашигтайгаар шийдвэрлэн, Samsung 1,05 тэрбум долларын нөхөн төлбөр төлөхөөр боллоо хэмээн бид өмнө нь мэдээлж байсан билээ.

 Харин Apple-ын зүгээс Samsung-ын Galaxy смартфоныг худалдаалахыг бүрэн хориглох шаардлага тавьж байгаа юм байна. Гэвч Өмнөд Солонгосын аварга компанийн өмгөөлөгчид тийм ч амархан гараа өргөөд бууж өгсөнгүй, цааш нь давж заалдахаар төлөвлөж байгаа аж.

Д.Мягмарсүрэн 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top