Москвад Монголын иргэн 39 настай мэргэжлийн халаасны хулгайч Ч.Цогбадрах гэгч баривчлагджээ. Тэрбээр Улаанбаатараас Москвад өөрийнхөө “үйл хэргийг” гүйцэтгэхээр өнгөрсөн 2009 онд очсон байна. Очсон даруйдаа үйл хэргээ “бүтээснээр” тус улсын шүүхээс ял сонсож, суллагдахдаа эх нутагтаа ирэлгүй тэндээ үлдсэн аж. Улмаар гэмт үйлдлээ үргэлжлүүлэхээр дахин ял сонсчээ. Тодруулбал, “Охотный ряд” худалдааны төвийн “Макдональдс” түргэн хоолны газар ээлжит хулгайгаа хийж байгаад үйлдэл дээрээ баригдан, саатуулсан аж. Монгол Улсын иргэн Ч.Цогбадрахыг “...бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэх зүйл ангиар, мөн өмнөх үйлдлийг нь нэгтгэн шалгаж ОХУ-ын шүүхээс зохих ял шийгэлийг ногдуулсан байна. Мөн түүний гутлын дэлгүүрт үйлдсэн ээлжит хулгайн хэрэг хяналтын камерт бичигдэн үлдсэнийг ч зүйл анги дээр нэмж оруулсан байна. Дээрх бичлэгийг “Комсомольская правда” сонины сайт дээр тавьсан нь оросуудын жигшил зэвүүцлийг төрүүлжээ. Сэтгэгдэл бичигсдийн зарим нь “Тархийг нь зад буудаад телевизээр харуул. Тэгвэл бусад монгол хулгайч нар манай улсаас зайлна” гэсэн байжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )