”ХасБанк”-ны 2012 оны онцлох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 03

Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ашгийн өндөр түвшинд санхүүгийн тогтвортой байгууллага бий болгохын тулд үйл ажиллагаа явуулж буй Монгол улсын арилжааны банкуудаас ашгийн болон нийгмийн шинж чанартай цорын ганц банк бол “ХасБанк” юм. Тус банк нь иргэд, аж ахуйн нэгж, орлого багатай болон алслагдсан хөдөө орон нутагт амьдарч байгаа санхүүгийн үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал иргэдэд санхүүгийн цогц үйлчилгээг хүргэж чаддаг, иргэдийн найдвартай түнш билээ. Тэгвэл “ХасБанк” 2012 онд амжилттай хийж гүйцэтгэсэн онцлох үйл явдлуудаа танилцуулж байна.

-Монгол улсад банкны салбар үүсч хөгжсөн цагаас эхлэн үйл ажиллагаагаа явуулж Монголын шилдэг дөрвөн том банкны нэг болж чадсан ХасБанк Монголд анх удаа хамгийн өндөр шагналын сантай хуримтлалын үйлчилгээ болох “ХасЛотто” аяныг албан ёсоор нээсэн. Энэхүү “Хаслотто” нь орон даяар 2011 оны 11 дүгээр сарын 30-наас 2012 оны 11 дүгээр сарын 30-ныг дуустал буюу бүтэн 1 жилийн хугацаанд үргэлжилнэ. 1 жилийн туршид нийт 6 хүн иж бүрэн тавилгатай байр, 10 хүн аяллын эрх, 120 хүн 1 сая төгрөг, 10 хүүхэд Хонгконгийн Диснейлэндээр аялах эрх, 3996 хүн бэлгийн карт хожих боломжтой бөгөөд нийт 4142 азтан шалгарах юм. 

-2011 оны 12 сарын 28-нд Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд болон бизнес эрхлэгчдийг шалгаруулсан “ENTREPRENEUR 2011” шагналд салбартаа төрөл бүрийн бизнесийн шинэ санал, санаачилгыг бодит үр дүнтэйгээр хэрэгжүүлэгч ХасБанкыг “Франчайзингийн Салбарын Онцлох Entrepreneur” байгууллагаар тодруулсан.

-ХасБанк нь 2003 оноос эхлэн хөдөө орон нутагт тэр дундаа суманд үйл ажиллагаа явуулж байгаа хадгаламж, зээлийн хоршоо болон хоршоо байгуулахаар нэгдээд байгаа иргэдтэй “Хөгжлийн хөтөч” франчайзингийн үйлчилгээгээр хамтран ажиллаж ирсэн. Мөн Банк нь эдгээр хадгаламж, зээлийн хоршоодод сургалт хийх, санхүүгийн үйлчилгээний зөвлөгөө өгөх, гарын авлагаар хангах, санхүүгийн программ хангамжаар хангах, түүнчлэн шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн зээл олгох, эргэлтийн хөрөнгийн зээл олгох, ажлын байр барих зээл олгох зэрэг үйлчилгээг үзүүлж ирсэн юм.
Орон нутагт эдгээр хоршоод байгууллагдсанаар иргэд хоршоогоороо дамжуулан нийгмийн шинжтэй ажлуудыг зохион байгуулж, байгаль орчноо хамгаалахад олон нийтийг уриалах, сум орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

-Олон улсын санхүүгийн үнэлгээний “Мүүдиз Инвесторс Сервис” байгууллага санхүүгийн салбарт тогтвортой хөгжил, эрсдэлийн удирдлагаар тэргүүлж ирсэн ХасБанкны урт хугацааны зээлжих зэрэглэлийн "Ba3" үнэлгээ болон урт хугацааны “тогтвортой” гэсэн хандлагыг дахин баталгаажуулсан үнэлгээний дүгнэлтийг гаргалаа.

ХасБанк нь ийнхүү хоёр жил дараалан  Ba3 гэсэн үнэлгээг авч байгаа бөгөөд энэхүү үнэлгээ нь Монгол улсын B1 хэмээх үнэлгээнээс нэг шатлалаар давуу үзүүлэлт юм. Тиймээс үүнийг тус банкны өсөн нэмэгдэж буй зах зээлд эзлэх хувь хэмжээ, нэр хүнд, тогтвортой сайжирч байгаа зээлийн багцын чанар болон хэд хэдэн удаа дүрмийн сангаа нэмэгдүүлснээр хурдтай нэмэгдэж байгаа өөрийн хөрөнгийн хүрэлцээ зэрэгтэй холбоотой гэж дүгнэсэн байна. Мөн ХасБанкны гадаад валютаар хөрөнгө татан төвлөрүүлэх зэрэглэлийг B2 тогтвортой, төгрөгөөр хөрөнгө татан төвлөрүүлэх зэрэглэлийг “Ba3” тогтвортой гэж тус тус үнэлсэн байна.   

-2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 19 жилийн түүхтэй Монголын Менежментийн Холбооноос жил бүр зохион байгуулдаг оны менежментийн шилдгүүдийг тодруулах шагналаас ХасБанк “Шилдэг Менежменттэй Байгууллага”, мөн “Нийгмийн Хариуцлагаар Тэргүүлэгч Шилдэг Байгууллага” хэмээх цом, өргөмжлөлийг хүртлээ.

-“ХасБанк” нь Дэлхийн Банкны дэргэдэх Ядууст Туслах Зөвлөлдөх Бүлэгтэй хамтран Монголд анх удаа гар утсаа ашиглан худалдан авсан бараа, үйлчилгээнийхээ төлбөрийг төлөх болон санхүүгийн бусад үйлчилгээг авах Мобайл банкны AMAR үйлчилгээг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.

-ХасБанк нь Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Үндэсний Хороо”-ноос анх удаа зохион байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдгүүдийг шалгаруулах “Нарны цом”-д нэр дэвшиж, улмаар 2011 оны “Шилдэг хүртээмжтэй орчин бүрдүүлсэн байгууллага”-аар шалгарлаа.

-Монгол улсын Засгийн Газраас МҮХАҮТ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТОП-150 аж ахуйн нэгж шалгаруулах ёслолын арга хэмжээнээс ХасБанк ТОП-5 банкны нэгээр дахин өргөмжлөгдсөн гэх мэт тоочоод барахгүй олон ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top