Нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг танилцууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 10

Өнөөдөр “Үндэсний статистикийн хороо”-ноос Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдлын  энэ оны эхний  найман сарын   статистик мэдээллийг танилцуулан хэвлэлийн хурал хийлээ.  Хурал тус хорооны хурлын танхимд болсон бөгөөд мэдээллийг ЭЗСХ-ийн дарга Р.Баасанжав, Үндэсний статистикийн хорооны дэд дарга Б.Эрдэнэсүрэн, ХАНСГ-ын дарга Д.Оюунчимэг нар танилцуулсан юм. Мэдээллийг нийгмийн үзүүлэлт, Эдийн засгийн салбарын үзүүлэлт, Макро эдийн засгийн үзүүлэлт гэсэн хэсгүүдээр танилцууллаа.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 6.9 хувиар өсчээ

Нийгмийн үзүүлэлтийн тухайд улсын хэмжээнд 2012 оны эхний 8 сард 49217 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 49439 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 3076 эхээр, хүүхдийн тоо 3092 хүүхдээр буюу 6.7 хувиар тус тус нэмэгджээ. Харин нялхсын эндэгдэл 773 болж, өмнөх оны мөн үеийнхээс 5 хүүхэд буюу 0.6 хувь, 1-5 хүртэлх насандаа 164 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 7 хүүхэд буюу 4.1 хувиар буурсан байна.  

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2012 оны 8 дугаар сарын эцэст 43.2 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.8 мянган хүнээр буюу 6.9 хувиар өсчээ.

Нийгмийн даатгалд  632.8 мянган хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 421.8 мянга буюу 66.7 хувь нь аж ахуйн нэгж байгууллагынх, 211.0 мянга буюу 33.3 хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 75.2 мянга буюу 13.5 хувь, үүнээс аж ахуйн нэгж, байгууллагынх 66.6 мянга буюу 18.8 хувь, төсевт байгууллагынл 8.6 мянга буюу 4.2 хувиар нэмэгджээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 59.7 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 3.5 мянган хүн буюу 6.3 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 15.6 сая төг буюу 69.3 хувиар нэмэгджээ.

Мөнгөний нийлүүлэлт  18.5 хувиар өсчээ 

Макро эдийн засгийн үзүүлэлтийн тухайд хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2012 оны 8 дугаар сард өмнөх сарынхаас 0.7 хувь, оны эхнээс 11.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 14.9 хувиар өсчээ. Индекс өмнөх сарынхаас өсөхөд боловсролын үйлчилгээний үнэ дүнгээрээ 15.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Мөнгөний нийлүүлэлт (М2) 2012 оны 8 дугаар сарын эцэст 6997.1 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 43.6 тэрбум төг буюу 0.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1093.9 тэрбум төг буюу 18.5 хувиар өсчээ.

Харин гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2012 оны 8 дугаар сарын эцэст 814.9 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 13.5 тэрбум төг буюу 1.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 109.1 тэрбум төг буюу 15.5 хувиар өсчээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2012 оны 8 дугаар сарын эцэст 6675.1 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 246.6 тэрбум төг буюу 3.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 28.2  тэрбум төг буюу 37.0 хувиар өсчээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 100.6 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 15.5 тэрбум төг буюу 18.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 33.6 тэрбум төг буюу 50.1 хувиар өсчээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2012 оны 8 дугаар сарын эцэст 312.3 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 6.6 тэрбум төг буюу 2.1 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 63.6 тэрбум төг буюу 16.9 хувиар буурсан байна.

Үнэт цаасны арилжаа 2012 оны 8 дугаар сард 23 өдөр явагдаж, 50.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 6.9 сая ширхэг үнэт цаас арилжигдсан байна. Улсын     нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн нийт хэмжээ 2012 оны эхний 8 сард 3099.5 тэрбум төг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3582.6 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 483.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Нэгдсэн төсвийн урсгал орлого 2012 оны эхний 8 сард 3088.5 тэрбум төгрөг, урсгал зардал 2761.0 тэрбум төгрөг  болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 327.4 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 437.5 тэрбум төг буюу 18.7 хувиар нэмэгдэхэд нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 144.8 тэрбум төгрөг буюу 28.2 хувь, бусад татварын орлого 138.5 тэрбум төгрөг  буюу 34.1 хувь, дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 14.2  тэрбум төгрөг  буюу 14.0 хувь, орлогын албан татварын орлого 18.5 тэрбум төгрөг буюу 3.5 хувь, гадаад худалдааны  татварын орлого 5.9 тэрбум төгрөг буюу 2.7 хувь,өмчийн татварын орлого 2.6 тэрбум  төгрөг буюу 27.0 хувиар өссөнөөс нөлөөлжээ.

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 7.8 хувиар өсчээ 

Эдийн засгийн салбарын үзүүлэлтийн тухайд улсын хэмжээгээр 2012 оны 9 дүгээр сзрын 1-ний байдлаар 17.6 мянган тн төмс, 15.4 мянган тн хүнсний ногоо хурааж, 332.2 мянган тн өвс хадлан, 4.6 мянган тн гар тэжээл бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс төмс 687.0 тн буюу 4.1  хувиар өсч, хүнсний ногоо 4.1 мянган тн буюу 20.9 хувь, өвс хадлан 100.3 мянган тн буюу 23 2 хувь, гар тэжээл 4.7 мянган тн буюу 50.7 хувиар буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2012 оны эхний 8 сард 1380.6  тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 100.2 тэрбум төг буюу 7.8 хувиар өсчээ.  Энэхүү өсөлтөд 35 хувийн агуулгад шилжүүлснээр зэсийн баяжмал, молибдений баяжмал, металл агуулгаараа, цайрын баяжмал, төмрийн хүдэр, газрын тос зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.9-53.0 хувь, спирт, гурил, малын тэжээл, амтат ус, ундаа, зүсмэл материал, хиаман төрлийн бүтээгдэхүүн, архи, нарийн боов, хивс, сүлжмэл эдлэл, талх, шингэн сүү, металл цувимал, металл бэлдэц, шар айраг, цахилгааны утас, шавардлагын зуурмаг, бетон дэр, барилгын шалны банз зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.9 хувиас 6.3 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top