Zindaa.mn сайтын зүгээс уншигч таны амралт, чөлөөт цаг зориулан "Утга зохиол" булан нээсэн билээ. Энэ удаа МУСГЗ, Зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч, шог зохиолч И.Цэрэнжамцын намтар, уран бүтээлээс толилуулж байна.
И.Цэрэнжамц 1945 онд Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн. Яруу найрагч, хошин шог зохиолч 1966 онд МУИС-ийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Далаад оноос уранзохиол бичиж “Хүрэл инээмсэглэл”, “Хошин өргөө”, “Үүл нүүсэн хөх тэнгэр”, “Инээдмийн товчоон”, “Цонхны хүн” зэрэг 10-аад номууд хэвлүүлжээ. Дэлхийн сонгодог хошин шогчдын нэлээд номыг орчуулжээ. 2005 онд М.Цэдэндоржийн шагнал, 2009 онд МУСГЗ цол хүртсэн манай үеийн шилдэг зохиолч юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн цоо шинэ төсөл
Иргэний үнэмлэхээ намаар овоглуулсан Монгол Улсын харъяат иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч байна. Хэт хутга зүүж хөөрөг зөрүүлж заншсан эмэгтэйчүүл Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхтэй. Иргэн хонины тарган сүүл зооглох тендерт шалгарсан гадаадын иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөж болно.
Өглөө босолт
Монгол Улсын Ерөнхийлөгч өглөө 7.00 цагт сэрнэ. Сэрмэгц харцаа тааз руу шилжүүлж таван хором инээмсэглэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч цагтаа сэрэхгүй тохиолдолд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ж.Чулууны “Уран хас” бүжгэн жүжгийн хөгжмөөр сэрээнэ. Эс сэрвэл Арам Хачатуряны сэлэмт бүжгийн аяар сэрээнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч ариун цэврийн өрөөнд жавсангаа удаан гөлрөн ширтэхийг хориглоно. Оюуны хомсдолтой мэт харагдах болно. Ерөнхийлөгч сайн чанарын ариун цэврийн цаас хэрэглэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь бүлээн шүршүүрт орно.
Хооллолт
Монгол Улсын Ерөнхийлөгч өдөрт гурван удаа хооллоно. Хоолны төлөвлөгөөт цэсийг Сангийн яам, Дэлхийн хөгжлийн банктай зөвшилцөж батална. Ерөнхийлөгч цадахгүй тохиолдолд Их хурлын дарга, Ерөнхий сайдын гэр лүү утасдаж илүүдэл хоолыг тэгшитгэж өгч болно. Ерөнхий сайд цадахгүй тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоолноос өгөхийг хориглоно. Монгол Улсын Ерөнхийлөгч Зүүн өмнөд Азийн орнууд болон өмнөд хөршид айлчлах үед савх барих, Скандинавын арлын орнуудад айлчлах үед хутга зүүхийг зөвшөөрнө. Монгол Улсын Ерөнхийлөгч халаасан хоол идэж болно.
Ажлын дэглэм
08.00-09.00 Өглөөний зоог
09.00-11.00 Зарлигт гарын үсэг зурах
11.00-12.00 Одон гардуулах
12.00-13.00 Үзгэн балыг цэнэглэх
13.00-14.00 Үдийн зоог
14.00-15.00 Одон гардах
15.00-16.00 Авлигачдыг цээрлүүлэх
16.00-16.30 Гараа угаах
16.30-17.30 Хөнгөн зоог
17.30-19.00 Хувцас сонголт
19.00 Хүлээн авалт
Эрүүл мэнд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэндэд дараах байгууллагууд хяналт тавина. Үүнд, цусны шинжилгээг Батлан хамгаалах яам, цэрний шинжилгээг Байгаль орчны яам, цөсний шинжилгээг Хууль зүйн яам, шээсний шинжилгээг Сангийн яам, шээсэнд байх сахарын хэмжээг Худалдаа үйлдвэрийн яам, уургийн хэмжээг Улсын прокурор тогтооно.
Хүлээн авалтын үед Монгол Улсын Ерөнхийлөгч ханиах, найтаахыг цээрлэнэ. Зайлшгүй найтаах тохиолдолд бие хамгаалагчид найтаана. Зогисох тохиолдолд Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга зогисно. Эвшээх тохиолдолд Их хурлын дарга хамт эвшээнэ. Ерөнхийлөгч хэхэрсэн тохиолдолд огцруулах саналыг Монголын тогоочдын холбоо оруулна.
Хувцаслалт
Монгол Улсын Ерөнхийлөгч европ болон үндэсний хувцсаар хувцаслана. Хувцаслалтанд Дизайнеруудын холбоо хяналт тавина. Монгол Улсын Ерөнхийлөгч юбка өмсөхийг хатуу хориглоно. Ерөнхийлөгчийн үс засалтанд ХАА-н яамны ургацын комисст хяналт тавина.
Гадаад харилцаа
Монгол Улсын Ерөнхийлөгч гадаадад айлчлах үедээ зардал дуусвал тэр оронд сууж буй Америк, Японы элчин сайдын яамдад хандана. Элчин сайдын яамдад урьд айлчлалын өртэй бол онгоц, галт тэргэнд туулайчилж эх орондоо ирэхийг зөвшөөрнө. Эс чадваас Ерөнхийлөгч Монгол Улсын өрийн барьцаанд үлдэнэ.
Амралт, чөлөөт цаг
Ерөнхийлөгч 23.00 цагт нойрсоно. Монгол Улсын Ерөнхийлөгч цагтаа нойрсохгүй тохиолдолд Ерөнхийлөгч болох үедээ амласан мөрийн хөтөлбөрийг нь уншуулж нойрсуулна. Шөнийн 23.00 цагаас маргааш өглөөний 07.00 цаг хүртэл хуулинд цоорхой гаргахгүй хэрхэн ажиллаж буй талаар Ерөнхийлөгчид намуудын урьд сонгуулиудын PR группууд, Тагнуулын төв газар, Эмэгтэйчүүдийн либераль холбоотой хамтарч хяналт тавина. Ерөнхийлөгч хурхирах тохиолдолд тэргүүн хатагтай хориг тавина.
Төслийг өргөн барьсан Шар хадны эмнэлгийн хурцын тасгийнхан
Сэтгэгдэл ( 0 )