Инфляцийг нэг оронтой тоонд барина

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 12

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдан хоёр асуудлыг хэлэлцсэн. Эхний асуудал нь "Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байв.  Уг тогтоолын төслийн талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийн дүгнэлтийг С.Одонтуяа гишүүн танилцуулсан. Ажлын хэсгийн зүгээс хэд хэдэн саналыг оруулж буйгаа танилцуулсан. Тухайлбал,  банкны системийг сайжруулахын тулд олон улсын нэр хүндтэй банк Монгол Улсад орж ирэх нөхцөлийг бүрдүүлэх, эрчим хүчний барилга байгууламж, Улаанбаатар хотын цахилгаан, дулаан дамжуулах байгууламжийг шинэчлэх зэрэг саналыг Засгийн газрын хөтөлбөрт нэмэх саналыг оруулсан. Байнгын хорооны гишүүдийн олонхи эхний саналыг дэмжээгүй бол хоёр дахь саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, төрийн хүнд суртал, илүү дамжлагыг багасгах бизнесийн орчны шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэсэн заалт нэмэх санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжлээ.

Түүнчлэн нэр бүхий гишүүдийн санаачилсан Санхүүгийн зах зээлийн өрсөлдөөнийг бий болгох, Уул уурхайгаас олсон орлогын тодорхой хувийг уул уурхайн бус экспортыг дэмжихэд зарцуулах гэсэн санал дэмжигдсэн бол, Монгол автомашин хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, Дарамтгүй бизнес хөтөлбөр хэрэгжүүлэх, Үр тариа, төмс, хүнсний ногоо хадгалах агуулахуудыг барих зэрэг саналууд олонхийн дэмжлэг авсангүй.

Засгийн газрын хөтөлбөрт уул уурхайн гэрээ хэлэлцээрийг шинэчлэх гэж туссаныг шинэчлэх бус өөрчлөх гэж найруулах саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү гаргасныг гишүүд дэмжлээ. Харин түүний гаргасан орлогын хэт ялгааг багасгах зорилгоор хүн амын орлогын татварын шаталсан тогтолцоонд шилжих гэсэн санал дэмжлэг авсангүй. Гишүүд ийнхүү хэлэлцээд байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн өөр нэг асуудал бол Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох тухай байв.

УИХ-ын дарга З.Энхболд Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ даваа гаригт ирүүлсэн гэдгийг дурдаад чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, орны хүнийг нь томилох шаардлагатай болсныг дуулгав. Ингээд энэ асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах хүсэлтэй байгаагаа хэлсэн. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, М.Зоригт нар Монголбанкны ерөнхийлөгч өргөдлөө өгөөд нэлээд хугацаа өнгөрсөн болохоор асуудлыг хурдан шийдвэрлэх хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Баттулга, ам.долларын ханш 1400 төгрөгт хүрлээ. Байдал ч хүндрэх нь. Асуудлыг чухалчлан үзээч гэж хэлж байв.

Ингээд асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм. Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх тогтоолын төсөл, тус албан тушаалд одоо Монголбанкны дэд ерөнхийлөгч ажиллаж буй Н.Золжаргалыг томилуулах саналтай буйгаа УИХ-ын дарга З.Энхболд танилцуулсан.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Монголбанкны нөхцөл байдал одоо ямар байгаа, эдийн засгийн хямрал манай улсад хэрхэн нөлөөлөх, энэ тал дээр Монголбанкны зүгээс ямар төлөвлөгөөтэй ажиллах гэж буйг лавлав.

Нэр дэвшигч Н.Золжаргал, банкны системийн байдал өмнөх хямралтай харьцуулахад арай дээр байгаа гээд гэхдээ дэлхийн эдийн засгийн хямралын явц байдлыг харахад бид тайван сууж болохооргүй байгаа гэлээ. Монгол Улс гадаад худалдааны тэнцэлд нэлээн их хэмжээний ам.долларын алдагдал хүлээгээд байгаа аж. Европ, Хятадын эдийн засаг суларч байгаа нь манай эдийн засагт нөлөөлж байна гээд дархлаа сул зах зээлээ хамгаалах дотоодын хамгаалалтын систем бий болгох шаардлагатай байгаа гэж хариулсан юм.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт банкны хүүг болоод инцляцийг нэг оронтой тоонд барина гэж тусгасан байгаа. Ингэх боломж бий юу. Монголбанкны ерөнхийлөгч болбол нэг оронтой тоонд барьж чадах уу гэж асуулаа.

Нэр дэвшигч Н.Золжаргал, Зээлийн хүүг, инфляцийг нэг оронтой тоонд барихын төлөө тууштай тэмцэнэ. Тийм итгэл үнэтшил ч байгаа гэж хэлсэн.

Монголбанкны бодлогын хүү өссөөр байх уу гэсэн УИХ-ын гишүүн Д.Ганбатын асуултад тэрбээр, Бодлогын хүүг бууруулах бүрэн боломжтой. Нөхцөл ч бүрдэж эхэлж байгаа гэсэн хариулт өглөө.

Асуулт хариулт дуусч санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Л.Пүрэвдоржийг Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлж, Н.Золжаргалыг томилохыг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top