Шүлэг: Говийн өглөө

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

Орчлон, тэнгэрийн гэгээтэй сүлэлдэн ертөнцөд хөврөхөд

Оддын сүрэг бэлчээд алс газар руу одно

Саяхан зүүрмэглэсэн банхар үүрийн хаяа дэрлэж

Саальчин хонгор бүсгүйчүүд үнээн зэл рүү яарна

Нойрондоо үнэгчилсэн дүү минь хагас дутуухан сэрж

Номын тарни уншиж өвөө эрхээ эргүүлнэ

Номин буурал толгод дээр нарны туяа асгарч

Номхон тэмээдийн түрүүч зүүн гол руу орно

Ээзгий ааруулаа эмээ минь дэлгэсээр

Энтээх газрын барааг ширтэнэ

Энгэрийн ногооны үзүүрээр аргалын утаа цагирагалж

Эргэх дэлхийн хэвлийг унаган янцгаалт сэрээнэ

Гэрийн баруун дээрх хазаараа сугавчилж

Гэгэлзэх бодлоо өвөртлөн морио барихаар дүү явна

Гэрэлтэх нарны туяа толгодын орой шүргэхэд

Гэгээн говийн үүр өглөө болон солигдоно

Уургач ах минь адуундаа мордож

Ус голоор л нэг мал тургилна

Түрүүхэнд дуугарсан ногтруун дуу холдож

Түвшин буурал говь минь өглөөн нартай золгоно

МУБИС-МоСС-УЗАС-3 Д.Мөнхзул

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уугий(66.181.160.80) 2024 оны 10 сарын 02

гое шүлэг

2  |  2
Төгсөө(180.149.78.20) 2024 оны 10 сарын 06

Үнэхээр гоё шүлэг болсон байна. Цаашид өөр олон гоё шүлэг бичээрэй. Амжилт хүсье

1  |  1
Top