Ургац хураалт ирэх сарын 20-нд дуусна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 19

Өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас ургац хураалтын талаар мэдээлэл хийлээ.

Энэ сарын 8, 9-өөс байгаль, цаг уур харьцангуй тогтвортой байгаа тул ургац хураалтын явц хэвийн явагдах нөхцөл бүрдэж, эрчимтэй явагдаж байгаа аж. Тодруулбал, энэ сарын 18-ны мэдээгээр:

Төмс хураалт 55 хувьтай-130 мянган тонн

Хүнсний ногоо 60,1 хувьтай-60 мянган тонн

Үр тариа 7,9 хувьтай-30 мянган тонныг тус тус хураасан байна.

Үр тарианы болц урьд жилүүдтэй харьцуулахад 10 орчим хоног хойшилж байгаа  бол төмс, хүнсний ногооны хураалт эрчимтэй өрнөж буй. Тухайлбал, улсын хэмжээгээр үр тариа хураалт Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Увс аймагт эрчимтэй явагдаж байгаа бол төмс, хүнсний ногоо хураалтаар Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-Уул аймаг тэргүүлж байгаа юм. Ургац хураалтын явцын мэдээг харахад төмс га тутмаас 140 центнер, хүнсний ногоо 138 центнер,үр тариа 13,4 центнер ургац хурааж байгаа юм байна.

Ургац хураалтад нийт 1100 орчим комбайн ажиллаж, 200 орчим үтрэм буудай хүлээн авах бэлтгэл хангасан байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сан буудай хураалт хүлээж авахаар орон нутагт өчигдрөөс ажиллаж эхэлжээ. Харин жил бүр үүсдэг асуудал болох буудай агуулах савыг улсын хэмжээнд ашиглаж байгаа 350 мянган тоннын агуулах болон гурилын үйлдвэрүүд, бусад аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байгаа агуулахад хадгалах боломжтой гэж үзэж байгаа хэмээн холбогдох мэргэжилтэн илэрхийлээд байв. Харин Тариалан эрхлэлтийг дэмжих сан өөрийн 110 мянган тоннын багтаамж бүхий агуулахаа дүүргэж буудай авахаар төлөвлөсөн байна.

Цаг агаарын байдлаас шалтгаалаад ургац хураалтын явцад хүндрэл учирч болдог. Иймд Ус цаг уурын хүрээлэнгээс 3-5 хоногийн нарийвчилсан мэдээг тогтмол авч байгаа юм байна. Мөн, сүүлийн жилүүдэд тохиолдож байгаа байгаль цаг агаарыг харж ажиглахад есдүгээр сарын 28-ны орчимд цаг агаар нилээд эвгүйрхдэг.  Энэ жил мөн адил 28-ны үед уулархаг нутгаар нойтон цас орох магадлалтай гэсэн урьдчилсан тойм мэдээг Ус цаг уурын хүрээлэнгээс өгчээ. Иймд яамны зүгээс дээрх эрсдлийг тооцож байгаа аж. Мөн ажиллаж байгаа техникийн хүчин чадлаа тооцвол ургац хураалтын талбайн ажил  25-30 хоногт буюу аравдугаар сарын 20-ны үеэр дуусах боломжтой гэлээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top