Манай улсын хэмжээнд энэ онд 44 сая мал өвөлжихөөр тооцоолжээ. Өнгөрсөн хавар 14,1 сая төл хүлээн авсан бол одоогоор 50,3 сая мал намаржиж байгаа юм байна. Үүнээс дотоод, гадаад дахь хэрэгцээгээ тооцож хасалт хийгээд 44 сая мал өвөлжих тухай тооцоо гаргасан байна. 44 сая малын хэрэгцээг тооцвол 1.250.000 мянган тонн байгалийн хадлан, 35 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл бэлтгэх шаардлагатай бөгөөд одоогийн байдлаар 45 хувь буюу 630 мянган тонн өвс хадлан бэлтгэсэн ажээ. Есдүгээр сардаа багтаан цаг агаарын тааламжтай энэ үед өвс тэжээлийг зохих хэмжээнд бэлтгэх боломж бий гэж үзэж буйгаа холбогдох албан тушаалтан мэдэгдлээ. Малын хэрэгцээт хадлан тэжээлээс гадна улсын нөөцийг бүрдүүлэх нь чухал байдаг. Иймд улсын нөөцийг 40 гаруй салбарт байршуулах ажлыг ирэх сарын 15-ны дотор дуусгахаар төлөвлөжээ. Нөөц бүрдүүлэхтэй холбоотойгоор аймаг, сум орон нутгийн түвшинд гамшгийн аюулгүй нөөцийг бүрдүүлэх чиглэлээр тогтоол гаргасан тул орон нутагт хадлан тэжээл бэлтгэх цэгийг байршлаар нь тогтоон онлайнаар хянаж мэдээлж байхаар ажиллаж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл цаасан дээрх бичиг бодит байдал хоёр нийцэж байна уу гэдгийг хянаж байх ач холбогдолтой.
Манай улсын нийт нутгийн 90 орчим хувьд зуншлага сайн байгаа хэдий ч 1,5 сая мал отрын бүс нутгаар өвөлжихөөр болсон байна. Иймд тухайн бүс нутагт нь улсын хөрөнгөөр өвс тэжээлийн нөөцийг нь бий болгож байршуулах ажилдаа оржээ. Тухайлбал, оторлох бүс нутаг болон оторчдоо илгээх аймгуудтай гэрээ хэлцэл хийж байгаа юм. Харин даац хэтэрсэн нутагт отрыг оруулахгүй байхаар шийдвэрлэжээ. Дорнод, Дорноговь, Сүхбаатар, аймаг нь отрын бүс нутагт багтдаг хэдий ч Улаанбаатар, Төв аймаг, Хэрлэн баян улаанд төвлөрөөд байдаг. Иймд Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймаг гэрээ хэлцэлд орж оторлох бүс нутгаа тодорхой болгох нь зүйтэй хэмээн яамны мэргэжилтнүүд онцлов.
Ирэх өвлийн цаг агаарын байдлын төлвийг туршлагатай малчид, судлаач эрдэмтдийн үзэж буйгаар урьд урьдынхаас онцгой хүйтэрч, их хэмжээний цас орох магадлалтай шинж тэмдэг их ажиглагдаж байгаа талаар мэдэгдэж байв.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )