Г.Баярсайхан мэтийн тэнэмлүүд зочлох улсаа голдог болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

Манай парламентын гишүүд сав л хийвэл гадаад руу гараад өгдөг “өвчтэй” болоод удаж байна. Бөөн бөөнөөрөө явахыг яана. Бусад улс орны парламентын гишүүдийг харахад тэдэн шиг замбараагаа алдтал тэнэдэггүй юм байна. Ямар улсад хэдэн хүн зочилж, ямар гэрээнд гарын үсэг зурах, ямар хэлцэл хийх гээд нарийн хуваарь, дэг жаягтай. Гэтэл манайханд тийм ёс жудаг байхгүй байна. Тэр жил Гүндалай гишүүн Германд МАХН-ын хэсэг нөхөдтэй очжээ. Хоёр орны парламентын харилцааны хүрээнд уулзалт хийх учиртай байв. Нэгдсэн уулзалт ч болдгоороо болжээ. Дараа нь бизнес, үйлдвэрлэлийн чиглэлээр Германы хэсэг улс төрчид тэдэнтэй тусгайлан яриа хөөрөө хийхээр болсон байна. Цаг нарийн баримталдаг германчууд ч яахав товлосон ёсоороо тэднийг хүлээж байв. Гэтэл манай хэд байдаггүй ээ. Зочид буудалдаа Гүндалай ганцаархнаа үлдэж, бусад нь цөмөөрөө дэлгүүр хэсээд алга болчихсон юм байх. Ичиж үхэхээ шахсан Гүндалай өнөөх хүмүүстэй ганцаархнаа очиж уулзаад буцаад буудалдаа иртэл цаадуул нь түүнтэй уралдах шахам баахан эд бараа тэвэрсээр хүрч иржээ. Хүүдээ, эхнэртээ ийм юм авлаа гээд л гайхуулах аястай хөөрцөглөх тэдний өмнөөс ичсэндээ Гүндалай харин хэлэх үгээ олж ядан дэмий л толгой сэгсэрч суусан гэдэг. Тэгвэл одоогийн УИХ-ын гишүүд их цамаан болсон байна. Энэ он гарсаар Унгар улсад парламентын гишүүд зочлохоор болсон боловч гурван удаа хойшлуулаад байгаа гэнэ. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Р.Буд, Э.Мөнх-Очир гурав явахаар томилолт аваад онгоцны билетээ захиалсан байлаа. Гэвч онгоц нисэхээс ганцхан цагийн өмнө тэд нисэх буудал руу утасдаад “Бид явж чадахгүй нь ээ” гэжээ. Хоёр улсын парламент хоорондын харилцаа гэдэг бол ийм болчимгүй тоглоом төдий зүйл биш шүү дээ. Баттай эх сурвалжаас сонсоход тэд Унгар улсыг хөгжил муутай, бараа таваар тааруухан гэх мэт шалтаг заан ийнхүү гурав дахь удаагаа явалгүй хоцроод байгаа гэнэ. Эдгээр гишүүд Америк, Франц, Англи зэрэг улсад бол ар өврийн хаалга, татаа чангаа, заль мэх хэрэглэн хэдэн ч удаа хамаагүй зочлох нэрээр тэнэдэг ажээ. 
 Я.Ымербек. Zindaa.mn   
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top