Д.Зоригтыг огцруулах дөхсөн 17 тэрбумын тендер дахин маргаан дэгдээв

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

Д.Зоригт сайдыг огцруулах дөхсөн “Аморе интернэйшнл” ХХК-ийн 17 тэрбумын тендерийн асуудал өчигдөр болсон Тендерийн хуулийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр дахин сөхөгдлөө. Огцруулах хэмээсний учир нь Зоригт сайдад улс төрчид өөр ял тулгаж, суудлаасаа буухыг сануулж байсан ч уг сурвалж нь энэхүү тендер дээр төвлөрч байсан нь нэгэнт тодорхой болсон. Уг нь “ТЭЦ-II” ХХК гүйцэтгэх ёстой байсан хагас коксжсон нүүрсний үйлдвэрийн тендерийг 15-хан сая төгрөгийн дүрмийн сантай хувийн компани авсан талаар анх Ц.Батбаяр гишүүн илчилсэн билээ. Ц.Батбаяр гишүүн "Би чамайг хэлдэг газар нь хэлж шалгуулна, сайдаас чинь огцруулна гэдгээ хэлчихье” гэж хэмээн чуулган мэдэгдсэн тэрбээр Зоригтыг нуман тулгуурт оруулсан удаатай. Нээлттэй сонсголын үеэр Ц.Батбаяр гишүүн тендерийн будилааны талаар дахин сануулаад хаалга саван гарч явсан юм. Гэтэл дараахан нь эл хэрэг явдалд хэзээнээс нэр нь холбогдох болсон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр сүүлээ хавчин гарч одов. Үүнийг нь ажигласан Ц.Сэдваанчиг гишүүн “Төрийн түшээд өөрсдөө тендерийн асуудалд орооцолддог болоо. Батбаяр гишүүний хэлдэг “Аморе интернэйшнл”-ийн асуудал зөв шүү. Энэ Баттөр зугтаагаад явчихлаа. Би уг нь асууя гэж байсан юм. Тэр асуудалд Сангийн яамны Төрийн нарийн холбоотой. Эргээд өөрт нь нөлөөлөхөөр ингэж байгаа юм. Төрийн алба хашдаг хүн ингэж асуудалд орооцолдохоор тендер зөв шударга явна гэдэг юу л бол” хэмээн чухам үнэнийг цөөн үгээр дүгнэв. Зоригт сайдын 17 тэрбумын тендерийн асуудал олон хүнийг хөлдөө чирч магадгүй болсон нь үүнээс харагдлаа. 

Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top