Сүүлийн үед хар тамхины хэрэг оюутнуудыг хүртэл хамарч аюулын харанга дэлдээд байгаа билээ. Өнгөрсөн бямба гарагийн орой Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын ажилтнууд Баянзүрх дүүргийн орчмоос биеэ авч явах чадваргүй 30 орчим насны нэгэн залууг саатуулан шалгахад мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байжээ. Түүнд үзлэг хийхэд боодолтой мансууруулах бодис гарч ирсэн байна. Уг бодисыг цагдаагийн ажилтнууд шинжилж үзэхэд хар тамхины төрлийн ургамал болох нь нотлогджээ. Сэжигтэн Б мансууруулах төрлийн бодисыг олуулаа хэрэглэдэгээ хүлээн зөвшөөрөхөөс гадна тэдгээр залуус “Сансар” хороололд нэгнийдээ нийлж хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг байсан нь түүний өгсөн мэдүүлгээр тогтоогдсон байна. Мансууруулах төрлийн ургамлууд олон янз байдаг бөгөөд түүний хэрэглэсэн хар тамхины өвсийг ямар нэртэйг нь тодорхойлохоор шинжилгээнд өгөөд байгаа ажээ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газар хамтран шалгаж байгаа юм байна.
Б.Идэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )