Цагаатгагдаагүй 6600 хүний хэрэг үлджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

 

 

1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үеэр болсон хэргээс өнөөг хүртэл цагаатгагдаагүй 6600 хүнд холбогдох хэрэг    Тагнуулын ерөнхий газрын архивт үлдсэнийг тус газрын Мөрдөн байцаах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Т.Халтар өчигдөр болсон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хуралдааны үеэр мэдээллээ. Одоогийн байдлаар 3000 орчим хэргийг шалган шийдвэрлэсэнээс улс төрийн хэрэгт хэлмэгдсэн гэх баримт байхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон 800 орчим хүний хэрэг байна. Үлдсэн хэргийг энэ онд багтаан шалгах зорилт тавин ажиллаж байгаа аж. Улс төрийн хэлмэгдэгсдэд холбогдох хэргийг цагаатгах ажлын явцад зарим хүнд холбогдох хэрэг, таслан шийтгэх тогтоол архиваас олдохгүй буюу байхгүй байгаагаас гадна  материал нь бүрдэж амжаагүй байхад холбогдогч нь нас барсан, мөрдөн байцаалтын үеэр овог, нэрээ өөрчлөн мэдүүлсэн байж болох, мөн түүнчлэн тусгай албадын, ялангуяа Зөвлөлтийн цэргийн тагнуулын байгууллагын даалгавраар гадаадад яваад эргэж ирээгүй хүмүүс, архивуудын эмх цэгц, тоо бүртгэл муу, зарим хүнд холбогдох хэрэг материал санаатай буюу санамсаргүй байдлаар үрэгдсэн зэрэг шалтгаантай бэрхшээл үүсээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар 30 мянга орчим хүнд холбогдох хэргийг шалгаж шийдвэрсэн аж. Энэ ажлын дийлэнх хувийг сүүлийн жилүүдэд хийсэн бөгөөд тодорхой тооны ажилтнуудыг гэрээгээр авч ажиллуулах, нэмэлт зардал гаргаж, улмаар үлдсэн хэргүүдийг шалгах ажлыг шуурхайлж энэ онд багтаан эцэслэн шийдвэрлэж дуусгах чиглэлийг баримталж ажиллах юм байна. 

Б.Идэр.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top