Шүлэг: Ингэ ижийн охин

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

Дорноговь аймгийн Мандах сумын уугуул Б.Чулуунцэцэг “Их монгол” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2004 онд “Нэрийн хуудас-Оддын хөрөг” нийтлэл, 2007 онд “Чука” нэрт шүлгийн түүвэр хэвлүүлжээ. Ингээд та бүхэндээ түүний шүлгээс өргөн барья. 

Ингэ ижийн охин

Ботгоо алдсан ингэ

Борог өвс гандтал буйлахад

Тохойн чинээ би зовлонг нь нимгэлэхээр

Тоглох гэж очоод хамтдаа уйлдагсан

Зөөлөн хүрэн зогдорт хацраа нааж

Зүүгдэж ирээд л уйлдаг сан

Амгалан дөлгөөхөн тэр амьтан

Амьтны нялх үр намайг үр шигээ л санасан байх даа

Намайг үнэрлэж гунганах тэр амьтны

Чинэрсэн хөхийг нь бяцхан гараа чилтэл дундалж

Насан багадаа би ингэ ижийн өргөмөл охин болсон юм

Цэнхэр дээлийнхээ энгэрийг сүүнд будаж ухаажсан юм

Аргал хорголхон дөхүүлж ижийдээ тусалж явахад

Алсаас над руу бөмбөлзтөл тэшүүлж ирдэг сэн

Айлын хооронд чихэр хүлхэн дэрвэж тоглоход

Аль хэдийн л дэргэд минь ирчихсэн гунганаж зогсдог сон

Ботгоо алдсан ингэ, балчир охин хоёр

Бор толгодыг намстал буйлж дуулдагсан

Бодвол ингэ намайг бүүвэйлж, би ботго болсон нь тэр байх

Болзож хэлцээгүй тавилангийн эх үр болсон нь тэр байх

Цаг хугацаа урссаар дараачийн хавар айлчилж

Цас бударсан гуравдугаар сарын үдэш ингэ ижий ботголлоо

Чинэрсэн хөхийг нь дундлах хөөрхөн ботго хөл дээрээ тэнцэж ядан байхад

Цэнхэр дээлтэй би инээд алдан дуулсаар гэртээ харьж билээ

Ботгоо алдсан ингэ

Борог өвс гандтал буйлахад

Тохойн чинээ би зовлонг нь нимгэлэхээр

Тоглох гэж очоод хамтдаа уйлдагсан

2007.07.29  

Нутгийн сайхан ах нар

Олуулаа явахыг чинь харах дуртайсан

Орчлонгийн сайхан ах нар минь

Онцолж хэн нэгэнд нь дурлаагүй ч

Одтойхон явсан хориодхон насанд чинь хайртайсан

Нэрэлхэж бишүүрхсэн арван хэдтэйд минь

Нэг л хэнэггүйхэн харцаа шидэж балмагдсан

Нударга эргүүлсэн гоёлтой бахархал төрүүлсэн найзууд

Нууцхан бишрэл хөглөсөн нутгийн сайхан ах нар

1999 он Zindaa.mn                                                                    

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top