Егөө: Ядаргаатай амрагч

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

З.Ядмаа 1944 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн. 1960 оноос яруу найраг, хошин шог бичиж, 2006 онд “Төрөлх араншин” номоор Монголын Зохиолчдын эвлэлийн шагнал хүртжээ. Ядмаа “Янгирын цэнхэр уул”, “Их үдийн говь”, “Сэтгэлийн гэрэлт бүсгүй”, “Замын тэнгэр”, “Төрөлх араншин”, “8-р дэвтрийн нууц” “Зохиолчид инээлдсэн өдрүүд” зэрэг ном туурвисан юм.

Ядаргаатай амрагч

Хотын тансаг амьдралд

Хорин жил суусан эр

Холын нутагтаа хөдөөлж

Хоног төөрүүлж амрахаар

Чийгтэй байрнаас дайжин

Чимээ шуугианаас холдож

Онгийн хүч сэлбэхээр

Онгоц хөлөглөж мордов.

Төрсөн нутаг усандаа

Ирсэн хэрэг юусан билээ

Суугуул нутгийн саданг

Сувиллын газраа болгов.

Нялцгай гурилан биеэ

Нар салхинд тойлж

Гүүний айраг гүзээлж

Мариа сууж зоолов.

Үхрийн халуун нэрмэл

Эмийн жороор халбагадаж

Үнээний түүхий сүү

Өлөн биенд зооглов.

Тоодгийн тарган мах

Тостой шөлөнд булхаж

Боодгийн халуун чулуу

Алган дотроо бөмбөрүүлэв.

Толгой тархинд сайн гэж

Ганга өвс хандлуулж

Өглөө орой тогтмол

Өөд уруугүй шавшуулав.

Ингэний ундаа айраг

Ядаргаа юунд сайн гэж

“Иж” мотоцикл хөлөглүүлж

Ийш тийш нь давхиулав.

Идэх унтах хоёроор

Ид болгон гайхуулж

Салхи хуурдан хурхирч

Унтаж хэвтэх нь яршигтай

Амрагч эрийг бөөцийлөх нь

Ажил төрөлд дараатай

Олон янзын болзлыг

Олж бэлдэх нь төвөгтэй

Ходоод шарханд сайн гэж

Хойлогийн цөс бэлдүүлэв.

Хотын бидэнд хужир гэж

Хоормог тос савлуулав.

Тэрүүнд энүүнд сайн гэж

Тэнгэрийн дүлий л авсангүй.

Оонын сүү л арай

Олж өг гэж нэхсэнгүй

Өрөөлийг жаахан махлаж

Өөрөө баахан өөхлөж

Онгоцонд ихэдсэн ачаатай

Суудалд ахадсан биетэй

Тос даасан эр

Тус болсон ч юмгүй

Амралтын хоногоо хэтрүүлээд

Ашгүй нэг далдарчээ.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top