Яруу найргийн “монгол хантааз” эздэдээ очлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

Хавар цагийн аясаар анхны яргуй дэлбээлж, онгод хөглөх яруу найргийн наадам энд тэнд хур болон асгарсаар байна. Өнөөдөр Монголын хүүхдийн ордны бага танхимд яруу найрагч, “сумын заан” Ч.Мягмарсүрэнгийн нэрэмжит оюутны яруу найргийн наадам залуу насны гал дөл, Янжинлхамын тэнгэрлэг онгодоор дүүрэн болж өндөрлөлөө.  Энэ удаагийн наадамд нийт 60 гаруй авьяаслаг яруу найрагчид бүтээлээ ирүүлсэнээс, шилдэг 28 яруу найрагч цог золбоотой, тэнгэрлэг шүлгүүдээр найраг сонирхогчдыг баясгалаа. Наадмын эцсийн дүнд МУИС-ийн оюутан Бүжинлхам Яруу эгшиглэн цом, монгол хантааз, мөнгөн шагналын эзэн болсон бол, МУБИС-ийн оюутан Авирмэд  аман хүзүүдэж  монгол хантааз, мөнгөн шагналыг хүртлээ. Удаах байруудыг ЭМШУИС-ийн оюутан  Ганхүрэл, МУИС-ийн оюутан Өсөхболд, РТС-ийн оюутан Жамбалдорж нар эзэллээ. Уг наадмын уран яруу, уянгалаг эгшиглэнт найргийг  Төрийн шагналт, Ардын уран зохиолч Т.Галсан, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ишхүү, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Батцэцэг  нар шүүн тунгаасан бол, СГЗ, яруу найрагч Д.Нямаа наадмыг хөтлөн явууллаа. Уг наадам өдгөө дөрөв дэхь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд жил ирэх тусам залуу яруу найрагчидаар хүрээгээ тэлж байгаа томоохон наадмуудын нэг юм.

Д.Мөнхзул Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top