Чойжамц хамбатан хуулиа зөрчив

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 21


Төр, засгийнхан томоогүй иргэдээ дахин хүмүүжүүлэх гэж толгойгоо гашилган, зарим  нь  учраа ч олохгүй мунгинах болов.  Нийгэм маань бүхэлдээ шинэчлэгдэж, шинэ соёл иргэншил рүү хөл тавьж буй өнөө үед иргэний боловсрол, ёс зүйн олон эмзэг асуудлууд гарч ирж байгаа. Улс төрчдийн бизнесийн “ачаар” архи, спиртын үйлдвэрүүд дэндүү олон болсон. Архидалт дээр дооргүй хавтгайрч үндэсний аюулгүй байдалд ч гай тотгор нүүрлээд байна.  Гэмт хэргийн гаралт улам нэмэгдэж, арга хэлбэр нь нарийн, хэрцгий балмад болж байгаа. Эдгээр гамшиг дагуулсан хар бараан бүхнээс урьдчилан сэргийлэхийн тулд  төрийн болон төрийн бус байгууллагууд олон төрлийн ажил санаачлах болжээ.  Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Чойжамц  саяхан Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтран ажиллаж, иргэдээ  хүмүүжүүлэхээр болж гэнэ. Өөрөөр хэлбэл буддын шашин, төр засгийн үүргүүдээс талыг нь ч болов үүрэлцэх гэж байгаа аж. Уг нь Үндсэн хуулиар төр, шашин хоёрыг зааглаж өгсөн. Шашин нь төрөө дээдлэх, төр нь шашнаа хүндэтгэх заалттай. Түүнээс биш шашин, сүм хийдүүд төрийн хийх ажил руу хуруу дүрэх учиргүй. Үүнийг Ц.Нямдорж сайд сайн мэднэ. Харамсалтай нь түүний удирдлагад байгаа түшмэд  Гандантэгчилэн хийдтэй иргэдийн дунд явуулах  хүмүүжлийн ажлын гэрээ хийснийг мэдээгүй юм болов уу даа.  Манай лам нар “Бурханы олон шавь нар минь байгаль орчноо хамгаал, архи дарсаа бага ууж, ажлаа сайн хийгээрэй” гэх мэтээр ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулах юм гэнэ.  Гандантэгчилэн хийдийнхэн ийм төслийн ажлыг төрийн санхүүжилтээр хийж мөнгөжих гэж байгаа бол жинхэнэ холион бантан болно.  Ер нь ингэж хоёрын хооронд хярамцагласнаас нэртэйгээр нь Гандантэгчилэн хийдийг Хууль зүй дотоод хэргийн яамны нэг агентлаг болгочихгүй дээ. Тэгээд ч Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийх гэж байгаа юм чинь иймэрхүү маягаар хуульчлаад  өгчихнө биз.  Хууль зөрчиж байснаас энэ нь арай дээр байх болов уу, сайд дарга нар минь. 
Б.Отгон. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top