Төр хамгийн муу менежер гэдэг. Дэлхийн хэмжээнд нэгэнт нотлогдсон ийм менежерийг монголчууд бид хэдий болтол байлгаад байх вэ? Сайн менежер болгож өөрчлөхийн тулд яах вэ? Энэ мэт олон асуудал УИХ дээр одоо ид яригдаж байна. Тухайлбал тендерийн хууль нь төрийн муу менежер гэдгийг нотлох гол зүйл ажээ. Өнөөдрийн мөрдөж байгаа тендерийн тухай хуулиар бол төрийн албан хаагчид тендерээр хувьдаа мөнгө завших бүх боломжийг олгоод өгчихсөн байгаа юм. Төрд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлбэл мөнгө нь баталгаатай орж ирдэг хамгийн эрсдэлгүй бизнес болдог. Өндөр үнэ хүргэж чадвал том ашиг унагана. Тендер зарласан, зохион байгуулсан төрийн албан хаагч энэ ашгаас нь хүртэнэ. Ийм их унацтай ажлын байрыг намын харъяалал, танил талаараа болон томоохон мөнгөөр худалдан авдаг жишиг үнэ ч тогтоод байна. Яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын суудал 200-400 сая хүрч байгаа гэнэ. Тухайн албан тушаалд очсон хүн энэ мөнгөө тендерүүдээс хялбархан олоод авдаг ажээ. Хэрвээ тендер нь луйвар болохыг хууль хяналтынхан тогтоовол тэд ердөө л дээд тал нь 260 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрнө. Гэхдээ өнөөдрийг хүртэл тендер будлиулаад хариуцлага хүлээсэн нэг ч хүн байхгүй байгаа нь тун сонин. Хэн ч хариуцлага хүлээдэггүй мөнгөний маш том энэ сүлжээг төр өөрөө хуулиараа дэмжсээр өдий хүрчээ гэсэн үг юм. Тэр бүү хэл томоохон хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлыг Засгийн газар шууд гүйцэтгэгч компаниудтай ярьж тохиролцдог хөгийн журам мөрдөгдөж ирсэн байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар нь өөрөө тендер зарлалгүйгээр хахуулийн мөнгө босгож, намын санхүүжилт, сонгуулийнхаа сурталчилгаанд ашигладаг жишиг тогтоож удаж байгаа аж. Сүүлийн хоёр жилд Засгийн газрын зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувьд хүрч, энэ хэмжээгээр мөнгө завших үзэгдэл даамжирсаар байна. Энэ бүхэнд одоо цэг тавих цаг болжээ. Тиймээс УИХ-аар хэлэлцэгдэх гэж байгаа Тендерийн тухай шинэчилсэн хуулиар луйврын ийм сестемийг задалж, хариуцлагын механизмыг чангатгах хэрэгтэй байна. Зарим гишүүдийн санал болгоод байгаачлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтыг зайлшгүй оруулах ёстой. Засгийн газар дур мэдэн тендергүйгээр томоохон ажлуудыг хийдэггүй байхаар хуульчилвал таарна. Тендерийг санаатайгаар, онц ноцтой хэлбэрээр луйвар болгож хувиргасан этгээдийг 5 жил биш бүр 10 жил хүртэл хугацаагаар шоронд хорьж, бүх хохирлыг заавал төлүүлдэг, хөрөнгийг нь хурааж улсын орлого болгодог байвал энэ төрлийн гэмт хэрэг бага боловч буурах байх аа.
Я.Ымербек Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )