Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчдод төр нөхөн төлбөр олгоно

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 21


“Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж, тогтоол гаргалаа. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, нөхөн төлбөр олгох ажлын явц, дүнг хагас жил тутам Засгийн газарт тайлагнах, нөхөн төлбөр олгоход шаардагдах хөрөнгийг ХЗДХ-ийн сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлж байхыг холбогдох сайд нарт даалгав. Энэ журам нь гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хүний гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан”-гаас нөхөн төлбөр олгохтой холбогдсон харилцааг зохицуулах юм. төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах, хүнийг санаатай алах, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, хүнийг хууль бусаар хорих, хүн хулгайлах, барьцаалах, хуладаалах, хүчиндэх, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, зандалчлах, терроризм, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид Сангийн хөрөнгөөс нөхөн төлбөр олгоно. Хохирогчийн нөхөн төлбөр хүсэх өргөдлийг нийслэлд Сангийн зөвлөлийн ажлын алба, аймагт шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан хүлээн авч шуурхай шийдвэрлэж байх юм. Нөхөн төлбөр хүсэх өргөдлийн маягтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас авах бөгөөд хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон гүйцэтгэх хуудсын хуулбар, өргөдөл гаргагч иргэний баримт бичгийн хуулбар, хохирлыг ялтан буюу түүний хууль ёсны төлөөлөгч барагдуулаагүй, эсвэл дутуу барагдуулсныг нотлох баримтыг хавсаргах ёстой. Журам 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш үйлдэгдсэн хэргийн хохирогчид үйлчилнэ.
Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top