Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан, хатагтай Мадлен Олбрайт манай улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ. Тэрбээр өчигдөр Ерөнхий сайд С.Батболдод бараалхлаа. Ерөнхий сайд нэр хүндтэй эрхэм зочныг 13 жилийн дараа манай улсад дахин айлчлахаар ирсэнд баяр хүргээд, АНУ-ын Засгийн газар түүний дотор Үндэсний ардчиллын хүрээлэн нь манай улсад улс төрийн намуудыг төлөвших, ардчиллыг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлж ирсэнд талархаж явдгаа тэмдэглэн хэлсэн юм. Монгол орон улс төрийн өөрчлөлтийг хийхдээ эдийн засгийн өөрчлөлттэй хослуулж, иргэн бүрт тэгш боломжийг олгоход гол анхаарлаа хандуулж байгаа гэдгийг дурдаад үүнд бусдын туршлагаас ч суралцаж байгааг онцоллоо. Түүнчлэн хээл хахууль, хүнд суртлыг арилгах чиглэлийг бодлогынхоо нэг болгон манай Засгийн газар ажиллаж байна. Ирэх долдугаар сард Ардчиллын хамтын нийгэмлэгийн хурлыг Монгол Улс даргална, энэ байгууллагыг Мадлен Олбрайт та анх санаачлан байгуулж байсныг сонсоход таатай байна. Дэлхийд ардчиллыг түгээх том байгууллагын хувьд энэ хурлыг Монгол Улс даргалах болсондоо баяртай байна хэмээн Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ. Хатагтай Мадлен Олбрайт, Монгол бол их сонирхолтой улс. Ардчиллыг үлгэр жишээ хөгжүүлсэн орон төдийгүй хамтарч Засгийн газраа байгуулсан нь ч бас сонирхолтой туршлага. Ойрхи Дорнод, ялангуяа Афганистан, Ирак зэрэг улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж байгаа хувь нэмрийг үнэлэхэд таатай байна хэмээн тэмдэглэлээ. Ардчиллыг үндэсний зүйлээр үнэлэхэд багагүй маргаан байдаг ч гэсэн Монгол Улс бол ардчиллын үлгэр жишээ загвал улс гэдэгтэй бүгд санал нийлдэг хэмээн онцлоод, сонгууль бол шаардлагатай зүйл. Гэхдээ хангалттай зүйл биш юм, институцын хувьд ардчилал бол байнга хөгжиж явдаг процесс. АНУ-д ардчилал хөгжөөд 200 гаруй жил болсон ч одоо болтол хөгжсөөр байна гээд, улс төрийн хөгжил нь эдийн засгийн хөгжилтэйгөө хамтдаа явж байгаа Монгол Улсын жишээг сайшаалаа. Мөн байгалийн баялгийг ард түмэн хүртэх явдал маш чухал гэдгийг онцлоод, бусад улс орон буруу замаар явж байгаа жишээг ч дурдаж байсан юм. Ардчиллыг хөгжүүлж чадсан загвар орон төдийгүй, байгалийн баялгаа зөв ашиглаж чадсан загвар улс болж чадна гэдэгт итгэлтэй байна хэмээн уулзалтын үеэр эрхэм зочин ярилаа. Хатагтай Мадлен Олбрайт одоо Үндэсний ардчиллын хүрээлэнгийн захирлуудын зөвлөлийн даргын албыг хашиж байгаа ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ
Сэтгэгдэл ( 0 )