Хөндий тал дээгүүр хүлэг уралдаж, хэнхдэг цээжин дундуур шүлэг урсаж найрагт дурласан бүхний онгодыг хөглөсөн нэгэн сайхан хаврын өдөр, Төрийн шагналт яруу найрагч Ч. Лхамсүрэнгийн нэрэмжит “Хүрэн морь” яруу найргийн наадам Баянхонгорын тэнгэр доор уламжлалт ёсоор зохион байгуулагдлаа. Уг наадамд Хонгор нутгийн аймаг сумаас ирсэн 60 орчим яруу найрагч оролцон Янжинлхамын өмнө өлмий сөгдөн яруу эгшиглэнгийн шүлгэн хадгаар ард түмнээ мялаав. Наадам шүлгэн төвөргөөн нижигнэсэн, найрагт дуртай зон олны халуун алга ташилтанд амжилттай явагдаж, эцсийн дүнд Баянговь сумын уугуул яруу найрагч Д.Жавхлан тэргүүлж цомын эзэн болсон бол, удаах байруудыг Баян-Өндөр сумын уугуул яруу найрагч Т.Бямбаа, Галуут сумын уугуул яруу найрагч А.Баяржаргал эзэллээ. Энэ жилийн наадмын өсөх ирээдүйтэй найрагчаар Шинэ жинст сумын яруу найрагч Т.Галхүү, шилдэг залуу яруу найрагчаар Баянлиг сумын яруу найрагч Д.Эрдэнэцэцэг шалгарчээ. Наадмын уянгалаг, өвөрмөц өнгө аяс, яруу шүлгэн дууллыг утга зохиолч судлаач, шүүмжлэгч Н.Энхбат, “Өнөөгийн Баянхонгор” сонины ерөнхий эрхлэгч П.Санаадагва, аймгийн “Утга зохиолын нэгдэл”-ийн тэргүүн Н.Сундуй, хүүхдийн “Тэмүүжин” театрын найруулагч Ж.Батболд нар шүүн тунгаасан байна. Ийнхүү найрагт дуртай хэн бүхний онгодыг хөглөж, нар хур тэгшрэх зуныг угтаж Хонгор нутгийн цэнхэр хавар доор эгшиглэсэн “Хүрэн морь” яруу найргийн наадам амжилттай болж өндөрлөлөө.
Ө.Яруу. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
ìèëë õàóñ ¿éëäâýðèéí ”àòàð”õèâýã 4500¥ çàðæ áàéíà.Èõ õýìæýýãýýð õ¿ðãýæ ºãíº.Óòàñ 95059543