Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж жил бүрийн есдүгээр сарын 3-ны өдрийг “Есүгэний өдөр буюу аюулгүй орчин”-ы өдөр болгох тухай хуулийн төслийг УИХ дахь эмэгтэй гишүүд санаачлан боловсруулж, Засгийн газарт хүргүүлжээ. Энэ асуудлын хүрээнд УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн зүгээс өнөөдөр /2012.11.07/ Төрийн ордны хуралдааны В танхимд “Есүгэний өдөр буюу аюулгүй орчин” сэдэвт санал солилцох уулзалтыг хийлээ.
Уг арга хэмжээнд Зам тээврийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүд оролцож, иргэн бүрийн аюулгүй байдлыг баталгаажуулах, амьдрах таатай орчинг бүрдүүлэхэд салбар бүртээ тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замын талаар ярилцаж, санал солилцсон юм.
УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэг нээж хэлсэн үгэндээ, “Өнөөдөр Монгол хүний эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрх алхам тутамд зөрчигдөж байна. Үүнд зам тээврийн осол, агаарын бохирдол, барилгын аюулгүй ажиллагааны асуудлууд түлхүү нөлөөлж байгаа нь нууц биш. Тиймээс УИХ дахь эмэгтэй гишүүд санаачлага гарган хуулийн төсөл боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Есдүгээр сарын 3-ны өдрийг аюулгүй орчны өдөр болгосноор холбогдох байгууллагууд иргэдэд мэдээлэл хийдэг, аюулгүй орчныг бүрдүүлэхийн төлөө ямар ажил хийсэн, хийхээр төлөвлөж буйгаа тайлагнадаг болохыг зорьж байна” хэмээн дурьдав.
УИХ-ын гишүүн М.Батчимэг, Хүний аюулгүй байдалд анхаарах, бодлогын өөрчлөлт хийх хэрэгтэй болжээ гэж үзсэнээр Монгол Улс 2010 онд анх удаа Үндэсний аюулгүй байдлын бодлогын баримт бичигтээ энэ талаар тусгасан. Эрдэнэт хүний амь насыг үнэлдэг, хүндэлдэг, хүнлэг ханддаг байгаасай гэсэн үүднээс есдүгээр сарын 3-ны өдрийг “Есүгэний өдөр” хэмээн нэрлэхээр шийдсэн юм. Үүгээрээ мөн олон хүний амийг аврахын тулд төр ажлаа хийдэг байхыг сануулахыг хүссэн. Өнөөдөр бид энд цуглаад “хуурай” хэдэн тоо ярихдаа бус салбарын аюулгүй байдлыг хангахад анхаарах гол зүйлсээ харилцан ярьж, шийдэлд хүрэх нь чухал байна” гэлээ.
Замын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайханы мэдээлснээр Улсын хэмжээнд 2000 онд 118 мянган автомашин байсан бол өнөөдөр 489 мянга болтлоо өсчээ. Үүнээс 300 мянга буюу 69 хувь нь нийслэл Улаанбаатар хотод төвлөрсөн байна. Хэдийгээр үсрэнгүй өсөлт ч автомашины чанарын хувьд муу байдгийн зэрэгцээ чадваргүй жолоочийн тоо энэ хирээр нэмэгдэж, зам тээврийн осол 3 дахин өсчээ. Зам тээврийн ослын дийлэнхийг тэмдэг, тэмдэглэгээ зөрчсөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил эзэлдэг аж. Тодруулбал, 2011 онд 30375 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдсан бол 2012 оны эхний 9 сарын байдлаар 20469 хүн саатуулагдсан байна. Иймээс замын цагдаагийн газрын зүгээс төрийн цогц бодлогын хүрээнд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай”, “Захиргааны хариуцлагын тухай” хуулиудад өөрчлөлт оруулж, хариуцлагажуулсан, амьдралд ойр хууль боловсруулахыг хүслээ. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн хөтөлбөрт энэ чиглэлийн сургалтыг оруулах, жолооч бэлтгэх ажлыг шинэ шатанд гаргах зэрэг хэд хэдэн саналыг гишүүдэд хэлж байсан юм.
Түүнчлэн 2012 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 10136 хүн гэмт хэргийн улмаас хохирсноос 40,9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Барилгын аюулгүй ажиллагааны талаар 120 аж ахуй нэгжид шалгалт хийснээс Хан–Уул дүүрэгт хамгийн их буюу 25 аж ахуй нэгж хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль зөрчсөн нь тогтоогдсон гэж Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч П.Эрдэнэцэцэг танилцууллаа. Тэрээр цааш үргэлжлүүлэн, “Орчны эрсдэлт байдлаас иргэдийн урьдчилан сэргийлэх тухай олон жил яригдаж байна. Хуулийн шинэчлэл хийж болно. Гэхдээ юуны өмнө иргэдээ төгөлдөржүүлэх, сэтгэлгээг өөрчлөхгүй бол олигтой үр дүнд хүрэхгүй. Тодорхой арга замуудыг заах, иргэдийг мэдээллээр хангах, хуулиа сурталчлан таниулах хэрэгтэй” гэж санал бодлоо хуваалцсан.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэргэжилтний мэдэгдсэнээр сүүлийн жилүүдэд осол гэмтлийн шалтгаан тогтмол өсчээ. Эндээс эрчүүдийн гэмтэх шалтгаан 1,5-5 дахин өндөр байгаа юм байна. Харин 5 хүртлэх насны хүүхдийн хувьд түлэгдэлт хамгийн их хувийг эзэлж байна. Тиймээс хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх нь юу юунаас илүү чухал байна гэдгийг ч онцолж байлаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )