Хамгийн том төсөв батлагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 10

УИХ-аар өнгөрсөн пүрэв гаригт Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг баталлаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд арвэннэгдүгээр сарын 15-ны дотор улсын төсвийг баталдаг болсон тул ийнхүү ирэх жилийн төсөв шинэ он гарахаас сар хагас гаруйн өмнө бэлэн боллоо. УИХ Төсвийн хуулийг батлах хугацаанаас нь долоо хоногийн өмнө гараас гаргасан юм. Хоног хугацаа хойшлох тусам Орон нутгийн сонгууль дөхөж улстөржсөн уур амьсгал орж мэднэ гэсэндээ ийнхүү шуурхайлсан байж мэднэ. Бас УИХ-ын намрын чуулганыг 2014-2016 онд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг төлөвлөх асуудлаар эрхэм гишүүд иргэдтэй санал солилцох зорилгоор долоо хоногоор завсарлуулах болсон нь ч нөлөөлөв.

Ирэх оны төсөв нь УИХ-ын сонгуульд олон суудал авсан АН-ынхан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын төлөөлөлтэй хамтран байгуулсан шинэтгэлийн Засгийн газрын хэрэгжүүлэх анхны төсөв, Төсвийн тогтвортой байдлын хүрээнд мөрдөх мөн анхны төсөв гэдгээрээ онцлог юм. Бас Монгол Улс хэзээ ч долоон их наяд төгрөгөөр хэмжигдэх том төсөв баталж байгаагүй гэдгээрээ онцлог.

Ингээд ирэх жил Монгол Улсын хэмжээнд мөнгөний авдартаа хэдий хэр хөрөнгө нөөцөлж, бэл бэнчин ямар байхыг тоймлож үзье.

Монгол Улс 2013 онд нэгдсэн төсвийн  нийт   орлого болгож  долоон их наяд наян найман тэрбум, 300 сая /7,088,3 тэрбум/ төгрөг төвлөрүүлнэ.  Энэ нь  ДНБ-ий 40,2 хувь, болж байгаа юм. Харин  нэгдсэн төсвийн нийт зарлага анх өргөн барьсан төслөөс 4,6 тэрбум төгрөгөөр буурч долоон их наяд дөрвөн зуун дөчин дөрвөн тэрбум 600 сая /7,444,6 тэрбум/ төгрөгт багтах юм. Энэхүү төсвийн нийт зарлага  ДНБ-ий 42,2 хувьтай тэнцэх гэж байна. Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 356,3 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн хоёр хувьтай тэнцэнэ гэж Төсвийн хуульд тусган баталлаа. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн зардлаа 4,6 сая төгрөгөөр хумиж хэмнэхээр боллоо гэсэн үг. Нэгэнт зохистой бус зардлаа танаж орлого, зарлагын хоорондын зөрүүг багасгасан болохоор 2013 онд монголчууд бүсээ чангалж гэдсээ сойх биш, эдийн засгаа тогтвортой хөгжүүлэх бололцоо бүрдсэнийг гишүүд хэлж байна.

Ингэхдээ төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг 131 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын зардлыг 58,4 тэрбум төгрөгөөр бууруулж, гадаад зээлийн хөрөнгө оруулалтын зардлаас 74,8 тэрбум төгрөгийн зардлыг бууруулжээ. Эдгээр өөрчлөлтийг Төсвийн хуульд тусгаснаар улсын нэгдсэн төсвийн урсгал зардал 35,4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардал 2,7 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээл 37,3 тэрбум төгрөгөөр тус тус буурах боломж нээгдсэн байна. Энэ боломжийг нээснээр нэгдсэн төсвийн нийт зарлага дээр хэлснээр 4,6 тэрбум төгрөгөөр буурч байгаа юм.

Хэдийгээр улсын төсвийн багтаамж долоон их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оныхоос гурав гаруй их наяд төгрөгөөр нэмэгдсэн ч Засгийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх амлалт өгөөгүй нь 2013 оны нэгдсэн төсвийн бас нэг онцлог боллоо. Өнгөрсөн жилүүдэд төсвийн байгууллагад ажиллагсдын цалин, тэтгэврийг ээлж дараагаар нэмсээр ирсэн ч хэрэг дээрээ цөөхөн байгууллагын бизнесийг дэмжиж, инфляцийг хөөрөгдөж, хариуд нь иргэд мөнгөний ханшийн уналтад чирэгдэн амьдралаа дээшлүүлэх бус дордуулдаг байсныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг төсөв батлах үед сануулж байсан юм. Ингэснээр инфляцийг ирэх онд найман хувьд барих бодлого хэрэгжих нэг бололцоо нээгдэнэ гэж үзжээ.

Ирэх 2013 онд 21 аймгаас хоёрхон нь, дээр нь нийслэл Улаанбаатар төсөвт мөнгө оруулна. Бусад нь төсвөөс татаас авах юм. Хамгийн их мөнгийг уул уурхайн өлгий болоод байгаа Өмнөговь аймаг төсвийн авдарт оруулна. Өмнөговь аймаг 23 тэрбум 612,5 сая төгрөгөөр төсвийг арвижуулах бол нийслэл Улаанбаатар гурван тэрбум 634,8 сая, “Эрдэнэт” үйлдвэртэй Орхон аймаг хоёр тэрбум 698,4 сая төгрөгийг төсвийн орлогод нэмэрлэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ирэх оны төсөвт 20 сая төгрөг оруулна. УИХ-ын дарга 100 сая төгрөг олно. Эдгээр тоо 2012 оныхоос өөрчлөгдөөгүй байна. Харин Ерөнхий сайд долоон тэрбум 53,8 сая төгрөг, Шадар сайд 15,8 тэрбум төгрөгийг төсөвт оруулах бол хамгийн их орлого буюу дөрвөн их наяд 646,9 тэрбум төгрөгийг Сангийн сайд улсын мөнгөний авдарт хийх юм.

Хамгийн бага мөнгө олох Боловсрол, шинжлэх ухааны сайд 4,9 тэрбум төгрөг, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд 1,2 тэрбум, Эрчим хүчний сайд 1,5 тэрбум төгрөгийг төсвийн авдарт оруулахаар боллоо.

Төсвийн ерөнхийлөн захирагчдаас хөрөнгө зарцуулахын тухайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 11 тэрбум 951,3 сая төгрөг, УИХ-ын дарга 18 тэрбум 78,9 сая, Ерөнхий сайд 165,1 тэрбум, Шадар сайд 128,7 тэрбум төгрөг зарах эрхийг авлаа. Сангийн сайд 1,5 их наяд төгрөг зарцуулна. Үүний дараагийн их зарлагатай салбар бол Боловсрол, шинжлэх ухааны яам.  Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцад  ирэх оны зардлыг 1,1 их наяд төгрөгөөр батлагдав. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 402,5 тэрбум, Зам тээврийн сайд 602,03 тэрбум төгрөгийг зарах юм.

Бага зардалтай салбарын тухайд Уул уурхайн сайд 24,3 тэрбум, Эдийн засгийн хөгжлийн сайд 70,5 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулна.

Томоохон бүтээн байгуулалтын хувьд Хөшгийн хөндийд барих Олон улсын нисэх онгоцны буудлын барихтай холбогдуулж 110 кВ-ын ЦДАШ барихад 9,8 тэрбум төгрөг төлөвлөснөөс 2013 оны төсөвт 5,2 тэрбум төгрөгийг суулгажээ. Газрын тосны газрын лабораторийн конторын барилгад 1,2 тэрбум төгрөг төлөвлөснөөс ирэх жилийн төсөвт 840 сая төгрөг тусгаад байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулахад 1,4 тэрбум төсөвлөсөн байна. Дорноговийн Замын-Үүдэд шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөхөд 598,9 сая төгрөг төсөвлөснөөс ирэх онд 142,7 сая төгрөгийг гаргахаар болжээ.

Ирэх жил нийгмийн даатгалын санд 1,7 их наяд төгрөгийн орлого оруулж 1,066 их наяд төгрөгийг зарахаар боллоо. Хүний хөгжлийн санд 49,7 тэрбум төгрөг хуримтлуулахаар батлав.

Ийнхүү Монгол Улсын түүхэнд хамгийн том буюу долоон их наяд төгрөгт эргэлдэх төсвийг УИХ баталж бэлэн болголоо.

                                Д.ОЮУНЦЭЦЭГ

Эх сурвалж: News.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top