Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, нефть импортлогчдод ногдуулсан 17 тэрбум 294 сая төгрөгийн торгуулийг хүчин төгөлдөр болгож, төлүүлэх шийдвэр гаргажээ.
Энэ оны нэгдүгээр сард нефть импортлогч компаниуд хуйвалдааны зарчмаар бензиний үнийг 230 төгрөгөөр нэмсэн гэх мэдээлэл гарч байсан билээ. Шатахууны үнийг ийнхүү нэмсэн нь хууль бус болохыг ШӨХТГ-ын улсын байцаагчид тухайн үед тогтоон, 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулаад байсан. Харин Б.Лхагва гэгч нь өнгөрсөн тавдугаар сард ШӨХТГ-ын даргаар томилогдон “Компаниудын үгсэн хуйвалдсан нь нотлогдоогүй асуудал” хэмээн шатахуун импортлогчдод ногдуулаад байсан 17 тэрбумын торгуулийг хүчингүй болгосон аж. Ингээд мартагдаад байсан их хэмжээний мөнгөн торгуулийн асуудлыг О.Магнай ШӨХТГ-ын даргаар томилогдсон даруйдаа хөндөж олны анхаарлыг татаад буй. Тэрээр албан тушаалаа хүлээж авсныхаа дараа 17 тэрбумын торгуулийг хүчингүй болгосон экс удирдлага Б.Лхагва нарын зургаан хүнийг шалгуулахаар АТГ-т шалгуулахаар өгсөн тухайгаа ч мэдээлээд байсан. Түүний гомдлын дагуу АТГ-аас энэ хэргийг судалж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй хэмээн хавтаст хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.
Харин өчигдөр ШӨХТГ-ын шинээр томилогдсон Удирдах зөвлөлийн гишүүд анхны хуралдаанаараа өмнөх удирдлагуудын хүчингүй болгоод байсан 17 тэрбумын торгуулийг хүчин төгөлдөр болгож, эргэн төлүүлэх шийдвэр гаргажээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )