Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааны өнөөгийн байдал

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 05

 

 Өнөөдөр Эдийн засгийн  байнгын хороны хуралдаанд  Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн ках зээлийн үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханы мэдээлснээр, Монголын хөрөнгийн бирж энэ оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар 143.6 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа, 309.7 сая төгрөгийн компанийн бондын арилжаа хийжээ. Арилжсан хувьцааны үнийн дүн өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 43.5 хувиар нэмэгдсэн байна.

УИХ-ын гишүүд 1990 оноос хойш хийгдсэн өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбарынхаа үр шимийг хүртэж чадаагүй хохирсон иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа, стратегийн ач холбогдолтой орд газрын 10 хувийг Хөрөнгийн биржээр арилжаалах асуудал ямар шатанд яваа зэргийг сонирхож байлаа.

Д.Баярсайхан даргын хэлснээр Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаат компаниудад шалгалт хийн 166 компанийн асуудлыг цэгцэлсэн аж. Тэдгээр компанийн зарим нь хаалттай компани болсон гэлээ. Хувьцааны ногдол ашгаа өгдөггүй, хувь нийлүүлэгчдийн хурлаа хийдэггүй компаниудын арилжааг зогсоох арга хэмжээ эвчээ. Компанийн тухай шинэ хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлсний үр дүнд 80 гаруй компаний компанийн дүрмээ шинэчилсэн гэж мэдээллээ. Цэнхэр, ягаан тасалбарыг нь өөрт нь мэдэгдэлгүй арилжсан, хохироосон гэсэн гомдол байвал Санхүүгийн зохицуулах хороонд мэдээлэх хэрэгтэй гэж тэрбээр хэллээ. Хохирсон иргэдийн хувьцааны эрхийг сэргээх өргөдөл, гомдлыг цагдаа, хууль, шүүхэд хандах замаар шийдэж байгаа гэлээ.

Стратегийн ач холбогдолтой орд газруудын 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаалах тухай хуульчилсан бөгөөд “Багануур”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэс таван толгой” компанид шаардлага тавьж байгаа гэж хариулсан юм.

Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан менежментийн гэрээний үр дүн хэр байгаа, хэдий хэмжээний мөнгө зарцуулаад байгааг Д.Ганбат гишүүн лавлав. ТӨХ Лондонгийн хөрөнгийн биржтэй менежментийн гэрээ байгуулсан бөгөөд уг төслийн өртөг 14.2 сая ам.доллар юм байна. Одоогийн байдлаар 5.2 сая ам.долларыг улсын төсвөөс өгөөд байгаа бөгөөд энэ жил 1.7 сая ам.долларыг банкнаас зээл авч төлөөд байгаа ажээ. Одоо үлдээд буй 8.7 сая ам.долларын эх үүсвэр нь төдийлөн тодорхойгүй байгаа юм байна.

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх ажлын явцын талаар асуух гишүүд байсан. Санхүүгийн зохицуулах хорооноос УБЕГ-тай мэдээлэл солилцсон аж. УБЕГ-аас шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 2.7 сая  иргэний мэдээллийг хүлээн авч 536 ширхэг хувьцааг иргэн бүрийн нэр дээр эзэмшүүлэх бүртгэлийн ажлыг эхлүүлсэн байна. Дээрх иргэдээс 527.3 мянган нь төвлөрсөн хадгаламжид данстай болжээ. 1072 ширхэг хувьцаа эзэмших эрх бүхий 727,5 мянган иргэнд бичилт хийгдээд буй юм байна. Нэг сая төгрөгөө авах хүсэлтэй 1 сая 65 мянган иргэний болоод Татварын газраас 41.8 мянган аж ахуйн нэгжийн жагсаалтыг авчээ.

УИХ-ын гишүүд, тухайлбал Ц.Оюунгэрэл гишүүн, “Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа, хувьцаа, эдийн засгийн байдлын талаарх мэдээллийг гадны уншигчид өдөр бүр шахам авч байна. Гадны хэвлэлээр байнга мэдээлж байна. Гэтэл манай иргэд энэ талаар мэдээлэл байдаггүйгээс болоод хохирч үлдэж байна. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооноос ард иргэдийн эзэмших ёстой хувьцаа болоод хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээллийг ойлгомжтой, цэгцтэй, байнга өгч баймаар байна. Мэдээлэлтэй нь хожоод, мэдээлэлгүй нь хохироод явж таарахгүй. Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийн мэдээллийг ард иргэдэд ойлгомжтой байдлаар байнга хүргэдэг сэтгүүлчдийг бэлтгэхэд ч анхаарах ёстой” хэмээн хэлсэн юм. Тус байнгын хорооны гишүүд иргэдэд мэдээлэл хүргэх асуудлыг анхаарах нь зүйтэй гэдэг дээрч санал нэг байлаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top