Санхүү, эдийн засгийн болзошгүй хүндрэлийн эсрэг авах зарим арга хэмжээний төлөвлөгөөг баталж, дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.
Гадаад валютын эх үүсвэрийг нэмж, дотоодын мөнгөний хомсдолыг арилгах арга хэмжээ авна. Ингэснээр экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, төсвийн орлогын уналтаас шалтгаалан дотоодын зах зээлд үүссэн цоорхой нөхөгдөж, эдийн засгийн өсөлтийн эрч удаашралгүй, хямралыг хохирол багатай даван туулах боломжтой болно гэж үзэж байна.
Мөн гадаад валютын шинэ эх үүсвэрийг дотоодын санхүүгийн системд эргэлтэд оруулж, инфляцид нөлөөлөхгүй хэмжээний төгрөгийн эх үүсвэрийг Төв банкнаас эдийн засагт нийлүүлэх, гадаад эх үүсвэрүүдээс босгосон валютын эх үүсвэрийг нэн даруй дотоодын санхүүгийн системд эргэлтэд оруулах, эдийн засгийн тэргүүлэх ач холбогдол бүхий төслүүдэд хөрөнгө оруулах зэрэг арга хэмжээ авах юм байна.
Үүний үр дүнд дотоодын санхүүгийн системд валютын нийлүүлэлт нэмэгдэнэ, санхүүгийн эх үүсвэргүй гацаад байгаа төслүүд хэрэгжиж эхэлнэ, ажлын байр нэмэгдэнэ, арилжааны банкны зээлийн хүү буурна, эдийн засаг эрчимжиж иргэд аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтын илүү урт хугацааны хямд эх үүсвэртэй болно гэж үзэж байна.
Санхүү, эдийн засгийн болзошгүй хүндрэлийн эсрэг авах зарим арга хэмжээний хүрээнд шаардлагатай хууль тогтоомжийн төслийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулах, энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.
Сэтгэгдэл ( 0 )