Өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн Арилжаа, төлбөр тооцоо, хяналт, хадгаламжийн цогц систем хүлээн авах ёслол боллоо. Засгийн газраас Монголын хөрөнгийн зах зээлийг шинэчлэн олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилт тавьж, Лондонгийн хөрөнгийн биржтэй стратеги болон менежментийн түвшинд хамтран ажиллаж эхэлснээс хойшх 18 сарын хугацаа өнгөрч буй. Хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгийн зах зээлийн арилжаа, төлбөр тооцоо, хяналт, хадгаламжийн цогц шийдэл бүхий "Милленниум АйТи" системийг дотоодын зах зээлд нутагшуулан өнөөдөр албан ёсоор хүлээн авч байгаа юм. Системийг өнгөрөгч долдугаар сараас хойш туршилтаар ажиллуулсан ба энэ хугацаанд манай мэргэжилтнүүд, брокер диллерийн компаниуд хангалттай дадлагажиж чадсан хэмээн Засгийн газраас мэдээлж байна.
Эргэн санахад, хорь гаруй жилийн өмнө манай иргэд хувийн өмчтэй болж, хувьцааг эргэлтэд оруулах биржийг Монголд анх нээн ажиллуулж байлаа. Гэвч зах зээлийн тогтолцоонд шилжих эхэн үеийн чадамж сул нөхцөлд хувьцааны цэнхэр, ягаан тасалбар үнээ алдаж, хөрөнгийн зах зээлд итгэх ард иргэдийн итгэлийг алдагдуулсан нь түүхэн үнэн. Харин өнөөдөр ийм алдаа дутагдал гаргахгүй ажиллах, тодруулбал арилжаа болон төлбөр тооцооны бүх мэдээллийг бүртгэн хянах, найдвартай хадгалах, банк шиг өсгөн арвижуулах цогц үйл ажиллагаа эхэлж байгааг ч мөн онцолж байна.
Ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирж, Монголын ард түмний хөрөнгө улам арвижих болтугай хэмээн ерөөгөөд арилжааг нээн цан цохисон Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Санхүүгийн тогтолцоонд сул байр суурьтай явж байсан хөрөнгийн зах зээлд өнөөдрөөс эхлэн Монгол Улсын иргэн бүр оролцон ашиг шимийг нь хүртэх боломж бүрдэж байгаа” хэмээн мэдэгдэв.
Харин Лондонгийн хөрөнгийн бирж группын стратеги хариуцсан захирал ноён Дэвид Лэстэр “Бусад оронд хэдэн арван жилээр хөгжүүлэн жигдрүүлдэг тогтолцоонд Монгол Улс 18 сарын дотор бүрэн шилжсэн нь том амжилт боллоо” хэмээн мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )