Улаанбаатар хот жамаараа л хөгжиж байна. Хотынхоо төвд эсгий гэрийнхээ ханыг дугуйлж, эгээтэй л үхэр, малаа бэлчээх нь холгүй амьдарлаа гэж гэр хорооллынхныг нүд үзүүрлэх хүн олон. Утаа, тоос, хог шороо гээд нийслэлд тулгамдаад байгаа бүх асуудал зөвхөн гэр хорооллынхноос үүдэлтэй гэх. За тэгээд харанхуй бүдүүлэг хүмүүсээр дүүрэн, архидалт, хулгай дээрэм гээд болж бүтэхгүй болгон гэр хорооллынхонтой холбоотой гэнэ. Гудамж нь шавар шавхай, угаадсаар дүүрсэн байдаг гэх нь ч бий. Ер нь нийслэлд байгаа бүтэхгүй болгон зөвхөн гэр хороололтой холбоотой гэх ойлголт олны дунд бий болчихжээ. Ажилгүйчүүд тэнд олноороо амьдардаг л гэнэ. Авгайгаа зоддог, айл хөршийнхнийгөө амраадаггүй балмад хүмүүс тэнд байдаг гэх. Яг л ийм ойлголт олон хүнд бий учраас бид нэг зүйл дээр “сохорчихжээ”. “Сохорно” гэдэг маань бусдын юу хийснийг анзаарч харахгүй мөртлөө, за энэ юу л хийв гэж үл тоомсорлохыг хэлж байгаа хэрэг. Ингээд бодвол гэр хорооллын иргэдийн хийж бүтээсэн бүхэн “сохорсон” дарга нарын мэлмийд үл торно. Харахыг хүсэхгүй байгаагаас л тэдэнд харагдахгүй байгаа хэрэг.
Үнэн хэрэгтээ иргэдийн орчиндоо хийсэн, бүтээсэн ажил багагүй гэдэг нь анзаарагддаг. Миний л мэдэж байгаагаар 2005 оноос тэд иргэдийн бүлэг байгуулж, гэр хорооллын хашаа хороо, зам талбайг засч тэр бүү хэл, орчноо ногооруулахаар мод тарьдаг. Харин тэдний хийж байгаа энэ ажлыг үнэлэх нь битгий хэл, очиж харсан дарга нар ховор. Ховор ч гэж дээ. Бараг л байхгүй гэж хэлж болно. Нийслэлийн гэр хорооллынхон утаатай, тоостой, хогтой гэж “нүд үзүүрлэгддэг” ч тэр бүх шүүмжлэлийг хүлээн авч засч залруулахын тулд өдгөө нийслэлийн зургаан дүүрэгт иргэдийн 60 бүлэг хөдөлмөрлөсөөр л байна. Гэтэл тэдний хийж байгаа ажлыг нь үнэлэх байтугай урам хайрлах хүн ховор байдаг нь харамсалтай.
Сүүлийн үед “Иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ” гэх үгийг дарга нар хэлэх нь эрс олширчээ. Монголын шат шатны олон дарга амнаасаа хайр гамгүйгээр эл үгсийг цацаж байна. Та бүхэн ч бишгүйдээ сонсч, бас харсан байлгүй. Миний хувьд өдөрт хэдэн арван удаа сонсдог үгийн маань жагсаалтад “Иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ” гэх эдгээр үг байдаг болсон. Одоо бүр танил болж орхиж. Гэхдээ иргэдийн оролцоог хэрхэн, ямар замаар нэмэгдүүлнэ гээд байгааг ерөөсөө ойлгодоггүй юм. Хааяа эл үгс угаасаа хот, улсынхаа хөгжилд гар бие оролцоод ирсэн иргэдийн оролцоо байхгүй байсан юм шиг санагдахыг яана. Энэ үгийг сайтар тунгаавал иргэд гэж ямар ч хөдөлгөөнгүй, магад ч үгүй хэн нэгнээр тэжээлгэх гэж амаа ангайн хүлээдэг ангаахай мэт төсөөлөгдөөд байдаг юм. Үнэн чанартаа тийм биш гэдгийг олон зүйлээр нотолж болно. Харин дарга нар чухам яаж иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээ сайн мэддэггүй суугаад л жаахан сэтгэл гонсойгоод байх юм. Тэгээд ч тэдний хүссэнээр ингэж хэлэхээр л иргэдийн оролцоо нэмэгдэнэ гэж байхгүй.
Аль ч салбарт иргэдийн санаачилга чухал. Тэдний гар бие оролцон хийж бүтээж байгаа бүхэн үнэтэй. Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй юм. Юу гэхээр хүн төрөлхтнийг хийж бүтээхэд хурцалдаг нэг зүйл бий. Тэр нь урам. Хүн мөнгөөр дутаж болно. Хэрэв ийм тохиолдолд хэн ч аргалаад, амьдраад явчихаж чадна. Харин урмаар дутвал тэгээд л бүх зүйл дуусч байгаагаас өөрцгүй. Монголчууд “Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэж ярьцгаадаг шүү дээ. Урмаа хугалуулснаас ууцаа хугалуулсан нь дээр гэж байгаа нь бидний, ер нь хүн төрөлхтний төрөлх чанар бололтой. Гэтэл манай дарга нар хүнийг хөдөлгөх ганц хүчийг ашиглаж мэддэггүй. Ашиглахыг ч хүсдэггүй бололтой. Энэ нь иргэдэд цаасан малгай өмсгө гэсэн үг огтоос биш юм. Иргэдийн өөрсдөө санаачлаад, хийж бүтээгээд, засч янзлаад байгаа зам талбайд нь очоод түүнд гар бие оролцсон хүмүүст талархлын үгсийг хэлж яагаад болохгүй гэж. Иргэдийн бүлгийн бүтээн босгосон зүйлс олон байна. Наад зах нь явган хүний зам. Гэр хороололд загвар болохуйц гудамжийг тэд тохижуулжээ. Хүүхэд тоглох орчин гэр хороололд байдаггүй байлаа. Тэгвэл хүүхдийн тоглоомын иж бүрэн талбай хүртэл байгуулаад өгчээ. Сагсны талбай, гүний худаг гээд хийсэн бүтээн байгуулалт олон. Гэр хороололд өнгө нэмж байгаа бүтээн байгуулалтад нь хөрөнгө мөнгө төсөвлөөд өгч чаддаггүй юм аа гэхэд урам хайрлах “эрх” найман настай балчраас наян настай буурал гээд ер нь хүн бүрт бий юм сан. Хот гэх энэ том аппаратыг дотор нь дүүрэг, хороо, хэсэг гэж хуваана. Энэхүү том аппаратын хамгийн бага нэгж болох хороо, хэсгээс хотын хөгжил эхлэх нь зүйн хэрэг билээ. Хороог хөгжүүлэхгүйгээр хотыг хөгжүүлнэ гэж үгүй. Дүүргийг орхиж нийслэлийг хөгжүүлнэ гэж бас л худлаа. Тэгэхээр хорооны доторх нэгжид зүй ёсоор багтах хэсэг, бүлгийг орхино гэдэг учир дутагдалтай. Бүлэг, хэсгийг бүрдүүлдэг иргэдийг орхигдуулна гэдэг бүр утгагүй. Тэгэхээр л энэ бүхэнд иргэдийн санал санаачилга, эрүүл цэвэр орчинд амьдарч, хийе бүтээе гэсэн хүсэл голлох байр суурийг илэрхийлнэ шүү дээ. Тэр тусмаа ад үзэгдээд буй гэр хорооллыг хөгжүүлэхэд иргэдийн оролцоо чухал.
Нэгэнт л хотын хөгжлийн тухай ярьж байгаа бол болж бүтэхгүйгээрээ “цоллуулаад” буй гэр хорооллоос ажлаа эхлэх учиртай санагдана. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэх сайхан үг бий. Нэг хүний ноёрхлыг халахыг, түүний үзэл бодолд нийтээрээ автахгүй байхыг, олны хүчийг оломгүй далайтай зүйрлэсэн эл үгийг бас бодууштай. Хүн аливаа зүйлийг хийхдээ бусадтай санал солилцдог. Ингэж хийсэн ажил л жинхэнэ ажил хэрэг болдог гэх. Хүмүүс нэгдэн нийлж байж, хоорондоо ярилцаж байж л аливаа зүйлийн гарцыг олж хардаг биз дээ. Яг л үүнтэй адилаар гэр хорооллыг хэрхэн хөгжүүлэх тухайгаа иргэд маань ярилцаж болох юм шүү. Ингэхийн тулд нийслэл гэх айлын анхан шатны нэгж гэгдэх хороонд тэдний үг хэлэх эрх чөлөөг нь хангаж өгч болох юм. Хороо бүрт “Иргэний танхим” байгуулах ажлаа эрчимжүүлье. Хөдөлвөл хөлс болсон өнөө үед иргэдэд хурал хийх, үгээ хэлэх ч танхим олддоггүй нь үнэн. Тэгэхээр аль нэг сургууль, ресторан түрээсэлж, хөрөнгө мөнгөний гачаалд оролгүйгээр “өөрсдийн” танхимтай байх эрхийг нь олгоод өгч болох юм. Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-ыг зорих хүмүүсийн тоо огтхон ч татраагүйг бид мэднэ. Тэнд юу яригддаг тухай ч бас гадарлана. Чухамдаа иргэдийн саналыг сонсох нь зөв ажил, эндээс л хөгжлийн үндэс тавигдах юм шүү дээ. Түүнээс биш дээрээс нэг дарга лүндэн буулгаад тэр нь ажил хэрэг болно гэвэл өрөөсгөл ойлголт. Харин лүндэн буулгах дарга нар маань тухайн орон нутагт амьдардаг хүмүүстэй өөд өөдөөсөө харж сууж байгаад ярилцаж, болох, үгүйгээ нээлттэй хэлэлцвэл харин тэр нь чамлахааргүй ажил болох үндэстэй.
“Иргэний танхим” байгуулж, иргэдийнхээ үгийг сонсох нь, түүнийг ажил хэрэгтээ тусгах нь удирдлагуудад ямар их ашигтайг бид бүхэн харж болох бэлээхэн жишээ байна. Өнгөрсөн намар шинээр байгуулагдсан Нийслэлийн “Иргэний танхим” яг л хүсээд буй хүслийг маань сонссон мэт ажиллаж байна. Тэнд хотыг хоггүй болгохын тулд хэрхэн ажиллавал зохилтойг, нийслэлийн “шүдний өвчин” гэгддэг замын түгжрээг хэрхэн бууруулах вэ зэрэг цаг үеийн асуудлаар иргэдийн санал бодлыг сонсч, хэрхэн үр дүнтэй ажил хэрэг болгож байгааг харж болохоор байна шүү дээ. Тэгэхээр гэр хороололд амьдарч байгаа иргэд, иргэдийн бүлгийн өөрсдөө санаачлаад хашааныхаа хаалгыг ижил өнгөөр будаж, явган хүний зам тавьж, тохижуулж байгаа туршлагыг бусдад нь хүргэхийн тулд “Иргэний танхим”-ыг олноор нь байгуулж, яриад байгаа зүйлсээ ажил хэрэг болгох хэрэгтэй бус уу. Хороо бүрт нэг ийм танхим байхад болмоор санагдана. Иргэд тэндээс нэгийнхээ туршлагыг судалж, хэн нэгэн миний өмнөөс энэ бүхнийг хийнэ биз гэж харуулдан суухаа ч болих сайн талтай. Бэлэнчлэх сэтгэлгээ ч үүнээс улбаатайгаар үгүй болно биз ээ. Хэрэв ингэж чадвал иргэдийн санаачилга нөгөөдөө нөлөөлж, тэр хэрээр хот хөгжинө. Улаанбаатар хотын гоёлын хувцсыг гэр хороолол болгох ойрхон байна. Гагцхүү хэлэлцэж, хийж байж л хөгжил өөд улам дөхнө гэдгийг мартах учиргүй.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )