Дөрвөн улстай байгуулсан давхар татвараас чөлөөлөх тухай хуулийг цуцлах асуудлыг өнгөрөгч оны аравдугаар сард УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дэмжих үед, Канад Улстай байгуулсан гэрээгээ ч эргэн харах ёстой талаар сануулан бичиж байв. Гэвч арваннэгдүгээр сард УИХ-ын нөхдүүд хуралдаад Монгол Улсын Засгийн газраас Арабын нэгдсэн Эмират улс, Нидерландын Вант Улс, Люксембургийн Вант Улс, Кувейт улстай байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болгосон. Харин Канадын асуудлыг авч хэлэлцээгүй.
Ер нь бол “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээ” буюу Давхар татварын гэрээний заалтууд нь манай эдийн засагт ихээхэн харш байгаа талаар яригдаж ирсэн ч, төдийлөн газар авдаггүй байв. Тэгэхээр дэлхийн 35 оронтой байгуулсан Давхар татварын гэрээний шанг өнгөрсөн жилүүдэд хангалттай амссан гэдгээ ухамсарласнаа сая нэг үйлдэл дээрээ харуулж, дөрвөн улстай байгуулсан гэрээгээ цуцлаад байгаа нь нааштай хэрэг.
Түүнчлэн Спикер З.Энхболд дээрх улсуудтай байгуулсан гэрээг цуцлахаас өмнө хэлэхдээ “Дээрх ашиггүй гэрээнүүдийг нэн даруй яаралтай цуцлах асуудлыг шийдэхгүй бол улс орон алдагдалд ороод байна. Нидерландын татвараас зугтаадаг компаниудын орогнодог газар болчихоод байна. Тэгээд энэ улсаас Монголд хийсэн бодитой хөрөнгө оруулалт бараг байхгүй шахам. Тэгэхээр татвараас зугтаадаг энэ асуудлыг бодоод байх хэрэггүй. Гэрээнүүдийг цуцлах хэрэгтэй” хэмээж байсан. Тэгэхээр давхар татварын гэрээний хор уршигийг ингэж сайн мэдэж байгаа Спикер Канадын гэрээний гайг ч анзаарахгүй байна гэж баймгүй. Тэрчлэн Канадтай байгуулсан гэрээ яагаад гай дагуулах вэ гэдгийг тодотгох үүднээс ойрын ганц жишээн дээр тулгуурлан өгүүлье.
Бидний сайн танил “Айвенхоу Майнз” компани өөрийн охин компани болох Канадад бүртгэлтэй Саусгоби Ресурс компанийнхаа 57.6 хувийг БНХАУ-ын Төрийн өмчит “Чайналко” компанийн охин компани Чалкод 898 сая ам.доллараар үнэлэн зарахаар гэрээлсэн тухай мэдээллүүд гарч эхэлсэнтэй зэрэгцэн Канадтай байгуулсан гэрээнд илүүтэй анхаарах ёстой гэдэг нь тодорхой болсон.
Учир нь Айвенхоу майнз болоод Чалко хоёр монголын баялгаар наймаалцсан тод жишээ нь дэлхийн уул уурхайн салбар дахь лиценз шилжүүлэхийн оронд тухайн компанийн хувьцааг худалдан авах замаар орд газрыг эзэмших эрхийг авдаг технологийн дагуу явагдсан байсан. Ингэж наймаалцах нь татвараас зугтаах зорилгыг агуулдаг. Тэрчлэн манай улсын зүгээс татвар авахгүй байдлаар Давхар татварын гэрээ байгуулсан Канадад байгуулагдсан компанийг худалдан авах маягаар манай нүүрсний томоохон орд газруудыг наймаалцаж байгаа учраас бид эдийн засгийн аюулгүй байдлаа ганхуулахын зэрэгцээ тэдний наймааны дундаас хүртэх учиртай хувиа ч олж авах боломжгүй болно гэсэн үг байв.Цаашлаад манай улс дахь лиценз эзэмшигч компанийг эзэмшигч гадаад дахь компанийг нь худалдан авч байгаа нөгөө талд ч тухайн орд газруудыг дахин цааш дамлан зарах боломж нээлттэй харагдаад байсан. Хэдийгээр канад, хятадуудын хооронд хийгдсэн наймааг Монгол Улсаас эх үүсвэртэй орлого гэж үзэж, татвар ногдуулах боломж бий гэж харж болох ч Канад улстай байгуулсан давхар татварын гэрээ тэр боломжийг үгүй хийх нь ойлгомжтой байсан.
Гэхдээ золоор өнөөдрийн өдрийг хүрэхэд өмнийн говийн нүүрсний ордуудыг наймаалцах гэсэн Хятад, Канадуудын хэлцэл гацсан байдалтай байгаа. Тэдний зүгээс Монголын Засгийн газрыг уян хатан хандах байх гэсэн итгэл тээж байгаагаа бол илэрхийлдэг. Тэрчлэн талуудыг сонирхолдоо цэг тавьсан гэхэд эрт байна.
Тэрчлэн тодотгоход, Айвенхоу Майнз, Чалко компанийн хооронд явагдаж байсан наймаа нь манай улс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, хувьцаа борлуулсны олзоос татвар авахыг хуульчлах туйлын шаардлагатай байгааг бататгасан үйл явдал байв. Гэхдээ манай улсаас 30 гаруй оронтой байгуулсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Давхар татварын гэрээнд хувьцаа борлуулсны олзоос Монгол Улс татвар авах зохицуулалт тусгагдаагүй.
Манай улсаас бусад улстай байгуулсан давхар татварын бүх гэрээнд хувьцаа борлуулсны олзоос Монгол Улс татвар авах зохицуулалт ороогүй байна. Тиймээс Айвенхоy Майнз компани Сауcгоби сэндс компани дахь өөрийн эзэмшлийн хувьцааг Чалко компанид борлуулсан ажил гүйлгээ, үүнтэй адилтгах бусад ажил гүйлгээнээс үүсэх хувьцаа борлуулсны олзод Монгол Улс дотоодын татварын хууль тогтоомждоо өөрчлөлт оруулсан ч давхар татварын гэрээ хэлцлийн улмаас татвар авч чадахгүйд хүрч байсан юм.
Канад улстай байгуулсан давхар татварын гэрээний 13 дугаар бүлгээр МУ-д байрлалтай үл хөдлөх хөрөнгөтэй шууд буюу шууд бус замаар хамааралтай хувьцааг борлуулсны олзоос Монгол Улс татвар авахаар заасан хэдий ч уг заалтыг хэрэгжүүлэхдээ “үл хөдлөх хөрөнгө” гэдэгт үйл ажиллагаанд ашиглагдаж буй түрээсийн хөрөнгөөс бусад аливаа хөрөнгийг хамаарахгүй байхаар заасан. Тэгэхээр талуудын хооронд хийгдсэн наймаа Монгол Улсаас эх үүсвэртэй орлого мөн байлаа ч, бидэнд наалдах зүйл хуулиараа байхгүй.
Тэгэхээр яг ийм маягаар, ижил тохиолдлуудад манай улс хэчнээн хэмжээний татварын орлогоо алдсаныг тооцож хэлэхэд бэрх байна. Магадгүй Хятад, Канадын наймаа явагдсан бол Давхар татварын гэрээний сул талуудыг ашиглан гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Нидерланд, Люксембург, Канад зэрэг улсуудад толгой компаниа бүртгүүлэх замаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, татвараас зайлсхийдэг тод жишээг бид бүгдээрээ ил тодоор харах байсан шүү дээ. Гэхдээ асуудал ингээд амар сайхандаа жаргасан гэсэн үг биш. Хөрөнгө оруулагчдын урсгал тэгтлээ татарчихаагүй байна. Эхэнд нэр нь гарсан дөрвөн улсад толгой компаниа бүртгүүлж, татвараас зайлсхийдэг байсан зальтай хөрөнгө оруулагчид одоо канад болон бусдынх нь нэр сүрийг ашиглан довтлох л болов уу..
Б.Хажид
Сэтгэгдэл ( 0 )