Монополиудын молиго буюу шатахуунаар ”тулсан” эрх чөлөө

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 03

Монгол улсын хүн ам яг одоо 2.864.900 байна. 3 сая шахсан Монголчуудын  Үндсэн хуулиар олгогдсон эрхийг Монгол улсын нефтийн бүтээгдэхүүн импортлогч компаниуд хийгээд ОХУ-ын “Роснефть” ХХК хязгаарлаж байна гэхэд дэгсдэхгүй болжээ.

Монгол улсын Үндсэн хуулийн II бүлгийн Арван есдүгээр зүйлийн 19.1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” хэмээн заасан байдаг.

Тиймдээ ч нефтийн бүтээгдэхүүн импортлогч компаниудын шатахууны үнийг тогтвортой барихын тулд өнгөрсөн жилийн 11 дүгээр сард Монголбанкнаас шатахуун импортлогч 12 компанид 120 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон юм. Ерөөс энэ зээлийн гол зорилгыг нь жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахад оршино хэмээн шууд ойлгож болно. Дээрх хөнгөлөлттэй зээлд хамрагдах сонирхолтой  15 компани хүсэлтээ ирүүлснээс “НИК”, “Магнай трейд”, “Жаст ойл”, “Сод монгол”, “Шунхлай”, “Ойн бирж”, “Синчи ойл”, “Мон петекс”, “Петро жамп”, “Ундарга ус” зэрэг 12 компанид уг зээлийг хувааж өгөхөөр болсон юм. Нийт 15 компаниас гурвыг нь “Cancel” хийсний учир нь нефтийн бүтээгдэхүүн импортолдоггүй байсных юм.

15 компани нь нийт 235 сая ам.долларын зээл хүссэн байдаг. Гэсэн ч зээл олгох хуваарилалтын зарчмыг ил тод, шударга байлгах үүднээс тухайн компанийн сүүлийн нэг жилд импортолсон шатахууны хэмжээ, жижиглэнгийн борлуулалт, ШТС-уудын тоо зэргийг харгалзан үзээд зээлийн хэмжээг тогтоосон нь 120 сая ам.доллар болсон гэдгийг тухайн үед албаныхан хэлж байв.

Иймээс нефть бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, үнэ ханшийг нь тогтворжуулах хүрээнд шинэчлэлийн Засгийн газар болон Монголбанк, нефть импортлогч компаниуд хамтран хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулсан “түүхтэй”. Гэрээний дагуу олгож буй уг хөнгөлөлттэй зээл нь мөн л “түүхэнд” байгаагүй “А” зэрэглэлийн нөхцөл бүхий зээл гэдгийг ч тухайн үед онцолж байсан. Энэ зээлийг олгосноор ирэх дөрвөн жилд нефтийн бүтээгдэхүүний хомсдолд орохгүй, үнийг тогтвортой байлгах бүрэн боломжтой гэсэн хэдий ч өнөөдөр нөхцөл байдал өөр тийшээ эргэж үнэ нэмэх зайлшгүй шалтгаантай гэх салхи салхилж эхлэв.

Шатахуун импортлогч үндэсний монополь компаниудын нэг нь Монголчуудыг баярлан цэнгэж байх үед буюу 12 дугаар сарын 31-ний шөнө, он солигдох мөчид  шатахууны үнээ нэмж орхив. Тодруулбал “Магнай трейд” компани. Эл компани нь бүх төрлийн шатахууныхаа жижиглэнгийн үнийг 50 төгрөгөөр нэмсэн юм. Мөн үүний араас “Синчи Ойл” компани АИ-92 шатахууныхаа үнийг нэмж Монголчууддаа баярын бэлэг барьжээ.
Засгийн газар, Монгол банктай хамтран хийсэн шатахууны үнийг  тогтвортой барих зээлийн гэрээ юу болов!.

Зээл олгогч буюу Монголбанкны холбогдох албаны хүний тайлбарлаж буйгаар  “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн хүрээнд “Магнай трейд” компани өнгөрсөн сарын 12 дугаар сарын долооны өдөр жилийн 3.8 хувийн хүүтэй 13.9 тэрбум төгрөгийн зээл авсан байна. 13,9 тэрбум төгрөг бага мөнгө биш. Гэтэл үнээ нэмсэн монополкомпаниудын шатахуун түгээх газрын ажилчид үнэ нэмсэн шалтгааныг тайлбарлаж чадахгүй түгдчиж байна. Зарим нь “мэдэхгүй” хэмээн мянган үгний таглааг өмнөө барьж сууна. Үнэндээ шатахуун импортлогч монополь компаниуд Монголчууддаа хийгээд Шинэчлэлийн Засгийн газарт молиго үмхүүлсэн болж таарлаа. Төд удалгүй асуудлыг голыг ОХУ-ын “Роснефть” ХХК-д тохож, уснаас хуурай гарах аргаа олно. Мэдээж “Роснефть” экспортын үнээ нэмсэн тохиолдолд манайхан яаж хичээгээд ч үнэ нэмэхгүй байж чадахгүй гэдэг тайлбар бол хамгийн шилдэг нь. Хэн ч, юу ч гэж давшлахгүй. Тэгэхээр Монгол улсын 3 сая шахам хүний эрх чөлөө хийгээд Үндсэн хуулиар олгогдсон бүхнийг “Роснефть” гишгэлж байна гэхэд дэгсдүүлсэн болохгүй хэмээн дээр дурьдсан. Ер нь үндэсний монополь гэх хэдхэн компани эрх ашгийнхаа төлөө Монголчууд бидний эрх чөлөөг нефтээр “тулчихсан”  юм биш биз. 

Ж.Нарангарав

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top