Үндэсний үйлдвэрлэгчдийн төлөө 140,4 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдана

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 03

 

Арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулж 140,4 тэрбум /нэг зуун дөчин тэрбум дөрвөн зуун сая/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаасыг гаргаж, арилжаалахыг УИХ-аас Засгийн газарт зөвшөөрлөө.

Хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох болон хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох, түүнд хяналт тавих журмыг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллах, үйлдвэрлэгчид олгох зээлийн хүүг жилийн 7 хувиас илүүгүй байхаар тооцож олгох, арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэхийг Засгийн газарт даалгалаа.

Мөн энэ сарын 1-ний өдрөөс эхлэн малчин, мал бүхий хувь хүн үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан бог малын арьс тутамд 3000 төгрөгийн, адуу, үхрийн шир тутамд 15000 төгрөгийн мөнгөн урамшуулал авах бөгөөд 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн малчин, мал бүхий хувь хүн зөвхөн хоршооны гишүүн болсон тохиолдолд дээрх мөнгөн урамшууллыг үргэлжлүүлэн авах боломжийг олголоо.

УИХ-аас баталсан “Малчид, үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай”  тогтоолын хүрээнд ийм боломжууд бүрдэж байгаа юм. Тодруулбал, Арьс ширийг дотоодоо боловсруулан түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдийг дэмжих, түүнчлэн малын арьс, ширийг боловсруулах үйлдвэрт тушаасан малчдыг урамшуулах зорилгоор “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” тогтоолын төслийг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ. Харин УИХ тус тогтоолын төслийн нэрийг “Малчид, үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай”  болгон өөрчилж баталсан юм. Эл тогтоол батлагдсанаар малын гаралтай түүхий эдээр нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээ өсч, арьс ширний салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн өрсөлдөх чадвар сайжирч, ажлын байр нэмэгдэх ач холбогдолтой гэж хууль батлагчид үзжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top