Төв аймгийн Хөшигийн хөндийд барихаар төлөвлөж буй Олон улсын шинэ нисэх буудлын барилгын ажлын зураг төслийг Япон Улсын “Азуса Секкей”, “Ориентал консалтантс” компаниуд 2009-2011 онд боловсруулж дуусгасан юм. Энэхүү зураг төслийн дагуу нисэх буудлын үндсэн барилга байгууламжуудыг барих ажлыг Японы барилгын мэргэшсэн байгууллагууд гүйцэтгэхээр зээлийн гэрээнд заасан юм. Үүний дагуу Үнэлгээний хороо байгуулагдаж ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг явуулж, санал хүлээн авах ажиллагаа болсон. Үнэлгээний ажлыг хоёр үе шаттай хийх бөгөөд эхний техникийн саналыг хүлээн авах ажил өнгөрөгч арваннэгдүгээр сарын 9-нд болсон юм. Харин оны төгсгөлд шинэ нисэх буудал барих төслийнхөн ерөнхий гүйцэтгэгчдээс санхүүгийн саналыг хүлээн авсан юм.
Ерөнхий гүйцэтгэгчид шинэ нисэх буудлыг 43 сарын дотор барьж дуусгах бөгөөд бүтээн байгуулалтын ажил 2013 оны дөрөвдүгээр сард эхлэх юм. Шинэ нисэх онгоцны буудал баригдсанаар манай улсын иргэний агаарын тээврийн хөгжил шинэ шатанд гарна гэж салбарын яамныхан үзэж байна. Шинэ нисэх буудал нь 2016 оны 10 сард ашиглалтад орох бөгөөд гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай аж. Энэ нь орчин үеийн стандартаар тоноглогдсон зорчигч үйлчилгээний барилга, цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш агаарын хөлөг хүлээн авах хоёр талын оролт гаралттай зурвас, нислэгийн хөдөлгөөнийг удирдах цамхаг болон бие даасан дэд бүтцийн байгууламжийн хамт баригдах юм. Монгол-Японы хамтарсан төслийн багийн инженерүүд цаашид шинэ нисэх буудлыг жилдээ 12 сая хүртэл зорчигч хүлээн авах хэмжээнд өргөтгөж болохоор зай талбайг нөөцлөсөн төлөвлөлтийг хийгээд байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )