Оросуудын өөдөөс гэдийлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

 

Засгийн газраас Газрын тосны үйлдвэрийн Техник, эдийн засгийн үндэслэлийг яаралтай шийдвэрлэх үүрэг өгсний хүрээнд боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ-д өөрчлөлт оруулах ажил хийгдэж байгаа аж.  Шатахууны хувьд хойд хөршөөсөө бараг 100 хувь хараат манай улс Оросуудын өөдөөс хатуухан байр сууриа илэрхийлчихээд байгаа учраас үйлдвэр барьж байгуулах асуудалдаа өмнөх шиг хойрго хандаад байж боломгүй байна.

Оросын талаас манай улсын газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдааны зах зээлд өөрийн компаниудаа ялангуяа Роснефть компанийг оруулж ирэхийг хүссэн саналаа Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар илэрхийлсэн. Харин манай тал боломжгүй гэдэг хариултыг өгчихөөд байгаа.

Ингэхдээ “Газрын тосны бүтээгдэхүүний” тухай хуульд Монголын газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд 30-аас дээш хувь нийлүүлж байгаа гадаадын компаниудыг орохыг хориглосон, түүнчлэн Монголын “Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль”, “Өрсөлдөөний тухай” хуулийн дээрх заалтыг үндэслэж байр сууриа илэрхийлсэн гэж буй.

Эргүүлээд Оросын талд өөрийн байр сууриа илэрхийлэхдээ Монголд жил бүр 1.2 сая тонн хүртэл газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэх, Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр барих төлөвлөгөөтэй уялдуулан түүхий тос 2 сая тонн хүртэл нийлүүлэх асуудал, түүнчлэн Роснефть компанийн нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний үнэ бүрдэлтийн талаархи асуудлыг авч хэлэлцэх хэлэлцээрийг эхлэхийг санал болгосон байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top