Санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар иргэдээ зохих мэдээллээр хангах зайлшгүй шаардлага тулгараад байгааг хаа хаанаа ярих болсон. Хөрөнгө оруулалт, уул уурхай болон үйлдвэржилтийн салбарын хөгжлийг даган Монголын санхүүгийн зах зээл хурдацтай өсч байгаа билээ. Үүнийг даган Монгол улсын эдийн засагт санхүүгийн зах зээлийн оруулах хувь нэмэр, оролцоо улам бүр өсөн нэмэгдэж, мэргэшсэн, биеэ даасан оролцогч талуудын тоо ч олширсоор байгаа энэ үед ийм шаардлага улам бүр нэмэгдсээр байна.
Тиймээс ч энэ үндсэн дээр “Дэлхийн Худалдааны Төв Улаанбаатар” ТББ, Санхүүгийн Зохицуулах Хороо, “Монголын Хөрөнгийн Бирж” ХК болон “Мишээл групп” ХХК нар хамтран “Финанс Монголиа 2013” Монголын санхүүгийн анхдугаар үзэсгэлэн, сургалтыг зохион байгуулах гэж байна.
Хоёрдугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохиогдох үзэсгэлэн, сургалтанд арилжааны банкуудаас эхлээд брокер, дилерийн компаниуд, аудитын байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоод, банк бус санхүүгийн байгууллагууд болон хөрөнгийн үнэлгээний итгэмжлэгдсэн байгууллагууд гэх зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг бүхий л байгууллагууд оролцох аж.
Сэтгэгдэл ( 0 )