Монголбанк 12 долоо хоногтой 15.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг өнөөдөр арилжааллаа. Ингэснээр төв банкны үнэт цаасны үлдэгдэл 156.0 тэрбум төгрөг болж байна.
Санхүүгийн зах зээлийн зөв зохистой өгөөжийн муруйг бий болгохын тулд муруйн эхний цэгийг Төв банк, харин дунд болон урт хугацааны хүүг зах зээл өөрөө тодорхойлох ёстой. Иймээс Монголбанк 7 хоногийн ТБҮЦ-ны хүүгээр дамжуулан зөвхөн богино хугацааны банк хоорондын захын хүүнд нөлөөлдөг бол 7 хоногоос дээш хугацаатай ТБҮЦ-ны хүү нь банк хоорондын зах дээр тогтдог. Ингэхдээ дунд болон урт хугацааны хүү нь ТБҮЦ-ны ирээдүйн арилжаа, эрсдлийн болон нөөцийн үнийн хүлээлт дээр үндэслэх ажээ. Борлуулах хэмжээг нь хязгаарлан хүүгээр өрсөлдүүлэх зарчмаар арилжаалагддаг 12 долоо хоногийн хугацаатай энэхүү үнэт цаасыг Монголбанк 2007 оны 8 дугаар сард нэвтрүүлснээр харьцангуй урт хугацаатай санхүүгийн хэрэгслийг мөнгөний зах дээр бий болгох угтвар нөхцлийг бүрдүүлсэн юм. Монголбанк энэ төрлийн үнэт цаасыг 2 долоо хоногийн давтамжтайгаар банк хоорондын зах дээр тогтмол арилжаалж байгаа тул мөнгөний зах 2-оос 12 долоо хоногийн (14-84 хоног) хугацааны үлдэгдэлтэй эрсдэлгүй хэрэгслээр хангагдаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )