Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 6200 гаруй үндэсний стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд эдгээр стандартын 45 хувь нь олон улс, бүс нутаг, гадаад орны стандарттай нийцсэн байна. Үндэсний стандартын 23% нь 1990 оноос өмнө, 18% нь 1991-2000 оны хооронд, 59% нь 2001 оноос хойш тус тус батлагдсан стандартууд мөрдөгдөж байна.
Эдгээр стандартын шинжлэх ухаан техникийн түвшинд 2013 оны эхний улиралд улсын үзлэгийг зохион байгуулах тухай Монгол Улсын Шадар Сайдын тушаал гарч улсын хэмжээнд энэхүү ажлыг хийж эхлээд байгаа аж.
Улсын үзлэгийг удирдан зохион байгуулах төв комиссыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва ахалж, салбарын яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагуудын дарга, ШУА, МҮХАҮТ-ын төлөөллөөс комиссын гишүүд бүрдсэн байна. Мөн яам тус бүрд Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулсан салбар комисс байгуулагдан цаашид тухайн стандартыг үргэлжлүүлэн мөрдөх эсэх дүгнэлт гаргах, стандарт зайлшгүй гаргах салбар, чиглэл, нэр төрлийг тогтоох, мөн техникийн зохицуулалт гаргах салбар, чиглэл, нэр төрлийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.
Үндэсний стандартыг олон улс, бүс нутаг, эдийн засгийн өндөр хөгжилтэй орны стандартчилал, тохирлын үнэлгээний талаар гаргасан зарчим, стандарт, баримт бичгүүдэд нийцүүлэн үндэсний стандартын шинжлэх ухаан техникийн түвшинг дээшлүүлэх замаар улс орны эдийн засгийн хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэхэд энэхүү үндэсний стандартын шинжлэх ухаан техникийн түвшингийн улсын үзлэгийн гол ач холбогдол байгаа гэдгийг СХЗГ-аас мэдэгдэв.
Сэтгэгдэл ( 0 )