МАН-аас ажлын хэсэг гарч Монгол улсын гадаад болон дотоод өр болон түүний дарамт ямар байхыг судалсан байна. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нар багтсан байна. Ажлын хэсэг энэ асуудлаар Ерөнхий сайдаас асуулга тавьсан боловч хариу өгөөгүй аж. Тиймээс дахин асуулга тавих гэнэ.
Өнөөдрийн байдлаар Сангийн яам, Монголбанкнаас авсан мэдээллээр Монгол улсын Засгийн газрын гадаад өр 6,7 их наядад хүрсэн байна. Тодруулбал 1990-2012 оны эхний хагаст 3 их наяд төгрөгийг зээлсэн байна. Харин 2012 оны хоёр дугаар хагсаас хойш Монгол улсын гадаад өр ийнхүү нэмэгджээ. Үүний тал нь Засгийн газраас гаргасан 1.5 тэрбум ам.долларын бонд юм. Уг бондын хүү өдөрт 270 сая төгрөг ажээ. Өөрөөр хэлбэл хагас жил тутам 35 сая долларын хүүг төлсөөр бид 8 тэрбум орчим төгрөгийг бондын хүүд төлөхөөр байгаа гэнэ. Энэ тооцоог гаргахдаа 4.7-4.8 хувийн хүүгээр бодож гаргасан байна.
Ерөнхий сайд 1.5 бондын санхүүгийн менежментийн гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдэгдэж байсан. Гэтэл энэ гэрээнд Монголбанк гарын үсэг зураагүй байгаа бөгөөд гэрээний заалтуудын талаар ярилцаж байгаа юм байна. Гэрээгээр бол 500 орчим сая доллартай тэнцэх мөнгийг дотоодын банканд байршуулах, нэг тэрбумыг гадаадын банканд байршуулах гэнэ. Тэгэхээр Ерөнхий сайд энэ хариуцлагагүй мэдэгдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэдгийг МАН-ын гишүүд хэллээ.
Бондоор ямар төсөл санхүүжүүлэхээ УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг байр сууринд МАН бүлэг байгаа юм байна. Мөн мөнгө олж ирсэн нь буруу биш зөв. Гэхдээ ямар хугацаанд юу хийхээ төлөвлөчихөөд олж ирэх байсанд нь шүүмжлэлтэй хандаж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )