Энэ оны төсвийн орлогыг Татварын хөнгөлөлт чөлөөлөлтүүдийг бууруулах замаар нэмэгдүүлж буй. Учир нь сүүлийн жилүүдэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг ихээхэн нэмэгдүүлж, хавтгайруулах хандлага давамгайлсан юм. Тэрдундаа газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд 2000 оноос эхлэн газрын тос хайх, олборлох, ашиглах үйл ажиллагааны зориулалтаар импортолсон бараа бүтээгдэхүүнд ногдох татварын чөлөөлөлтийг арванхоёр он хүртэл эдлүүлсэн юм. Харин чөлөөлөлтийг хүчингүй болгосноор “Петрочайна Дачин Тамсаг” ХХК болон “Доншен газрын тос” ХХК-иудаас 10.2 тэрбум төгрөгийн орлого төсөвт орохоор болж байна.
Ер нь бол Газрын тос хайх, олборлох асуудлыг бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулж байгаа бөгөөд компаниуд 10 гаруй жил татвараас чөлөөлөгдөж ирсэн юм. Харин олон улсын туршлагаас харахад газрын тосны чиглэлээр бүтээгдэхүүн хуваах зарчмаар хэрэгжүүлж буй төсөлд албан татварыг ногдуулдаг. Тиймээс олон улсын жишигтэй нийцүүлэх татварын тэгш шударга ногдуулах асуудлын хүрээнд хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах бодлого ийн ажил хэрэг болж байна.
“Петрочайна Дачин Тамсаг” ХХК болон “Доншен газрын тос” ХХК-ийн тухайд 2012 оны эхний 8 сарын байдлаар импортолсон 94.4 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлшинд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын чөлөөлөлт эдэлсэн байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )