Өвлийн улирал айлчлан ирж, цасан ширхэг хаялаад эхлэхийн цагт улаанбаатарчууд биднийг хамгийн ихээр түгшээгээд эхэлдэг зүйл бол халтиргаа, гулгаа. Авто хөлөгтнүүд болон явган зорчигчдын аль алинд нь түгшүүрийн харанга дэлдэж, зам хөндлөн гарах гэдэг асар их анхаарал шаардсан үйлдэл болж хувирдаг. Машины тоормозонд найдалтгүй, гишгэлээ ч, мөстсөн зам дээр хэдэн метр ч гулгаж болно. Хурдан гүйгээд, амжаад гарна гэсэн ойлголт бараг үгүй. Хадаастай, халтирдаггүй ултай гуталтай биш бол тэнцвэр алдаж, тэнгэр хараад л өнгөрөө. Иймд зөвхөн ногоон гэрэл-цагаан шугамаа хүлээхээс өөр замгүй, аминд өлзийтэй.
Сүүлийн үед хүйтний эрч чангаран, халтиргаа гулгаа ихсэх хандлагатай болсноос улсдаа ганц байдаг Гэмтэл согог судлалын Үндэсний төвд очиж буй бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо нэмэгдэн, ачаалал нь асар ихсэж байгаа аж. Халтиргаанаас болж зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан сар, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна.
Мөн албан газар, аж ахуйн нэгж байгууллагууд гадна тохижилтоо манай орны өвлийн улиралд тохиромжгүй, гялгар чулуун хавтангуудаар чимэглэн “гангардаг” нь цас орсон үед яг л мөсөн гулгуурын талбай шиг болж, үйлчлүүлэгчдээ бэртээж гэмтээх явдал их гарч байна. Тэгвэл энэ тохиолдолд үйлчилдэг хууль, эрх зүйн ямар баримт байдаг талаар албаны хүмүүсээс тодруулахад “Нийслэлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна тохижилт, цас цэвэрлэгээ, орчны хог хаягдал, хог цэвэрлэгээг сайжруулах зорилгоор 2009 онд НИТХ-аар “Хот тохижилт цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ыг баталсан. Тэр журам өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байгаа. Гэхдээ 2012 оны арваннэгдүгээр сарын 17-нд НИТХ-ын тэргүүлэгчид энэ журмыг дахин авч хэлэлцээд “Байгууллага аж ахуйн нэгжийн хүлээлгэх хариуцлага” гэдэг заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан.Тухайн байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн баталгаажсан газар дээрх xoгoо цэвэрлэхгүй, орчноо бохирдуулах, цасаа цэвэрлэхгүй, хальтиргаа гулгаа үүсгэсэн нөхцөлд тухайн байгууллагын газар эзэмших эрхийг нь цуцална гэсэн өөрчлөлт оруулсан. Одоо бол энэ журмын нэмэгдэл дээр байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийнхөө эзэмшил газраас гадна 50 метр нийтийн эзэмшлийн зам талбайн хог, цас тохижилтыг хариуцна гэсэн заалтыг оруулсан. Хэрвээ эзэмшил газар дээр нь юм уу, дүүргээс ногдуулж, хариуцуулсан газар дээр халтиргаа гулгаа үүсч, иргэд бэртэж гэмтэх, автомашин мөргөлдөж осол аваар гаргавал тухайн байгууллага хариуцна гэж заасан байдаг.
Халтиргаа гулгаанаас үүдэн бэртэж, гэмтсэн тохиолдолд Монгол Улсын Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т халтиргаа гулгаагаа арилгаагүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна гэж заасан байдаг. Мөн тухайн байгууллагын удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нугалж, торгууль ногдуулдаг бол тухайн байгууллагад нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлж хариуцлага тооцно гээд Хог хаягдлын тухай хуульд заачихсан байгаа.
Тийм учраас байгууллага болон байгууллагын удирдлагууд өөрийн орчны цас, мөсийг цэвэрлэх, орчноо тохижуулах, дүүрэг хорооноос хариуцуулсан гудамж талбайгаа сайжруулах, явган замыг засахад анхаарч ажиллах хэрэгтэй. Гэхдээ иргэдийн тухайд хамгийн гол нь тухайн байгууллагын гадна унаж бэртсэн гэсэн нотлох баримттай байх хэрэгтэй. Тэр тохиолдолд тухайн гэмтсэн иргэний эмчилгээний зардал, нөхөн төлбөрийг бүрэн хариуцна. Эл журмын хэрэгжилтэд дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс хамтраад хяналт тавьдаг. Үнэхээр байгууллага аж ахуйн нэгжүүд журмыг хэрэгжүүлэхгүй байвал Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч, хорооны Засаг дарга нар торгох эрхтэй. Нэг удаад цас, мөсөө цэвэрлэхийг сануулаад эргээд ирэхэд цэвэрлээгүй байвал шууд торгох эрхтэй” хэмээн өгүүлж байна.
Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )