“Багануур”ХК нэмж хувьцаа гаргах асуудлыг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 09

 

Төвийн бүсийн эрчим хүчний цахилгаан станцуудын нийт хэрэглээний 55 хувийг хангадаг “Багануур”ХК-ийн нэмэлт хувьцаа гаргах асуудлыг Төрийн өмчийн хороо судлаж байгаа гэж байна. “Алтай гоулд” компани Багануурын орд газрын ашиглалтын лицензийг хэсэгчлэн авчихаад байсныг засгийн зүгээс болиулж, төрийн мэдэлд авчихаад байгаа билээ. Улмаар “Багануур” ХК-ийн нүүрсний нөөц 450 сая тонноор нэмэгдэж, уурхайн насжилт 40-45 жилээр уртсаад байгаа юм. Ер нь бол тус уурхайн гүн жил ирэх тутам нэмэгдэж байгаагийн зэрэгцээ, техник технологийн шинэчлэлт, хөрс хуулалтын зардал нэмэгдсээр байгаа нь хувьцаа гаргаж хөрөнгө оруулалт босгох шаардлагыг бий болгож байгаа юм. Тиймээс 9.8 сая ширхэг хувьцаа Монголын хөрөнгийн бирж дээр гаргах асуудлыг Төрийн өмчийн хороо авч хэлэлцэж байна.

“Багануур ХК”-ийн уурхайн талаар тодорхой мэдээлэл хүргэхэд: Улаанбаатар хотоос зүүн тийш 130 км-т Төв аймгийн Баяндэлгэр, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумуудтай хил залган Хэрлэн голын баруун эргийн дагуу орших Багануур дүүргийн нутагт байрладаг. Улсын хэмжээгээр олборлож байгаа нүүрсний 55 % -ийг гаргаж, төвийн районы хэрэглэгчид, Улаанбаатар хотын эрчим хүчний гол эх үүсвэр болох ДЦС-II, III, IV станцуудыг түлшээр хангадаг. Улаанбаатар-Багануурын 126 км урттай 220 кВ-ын өндөр хүчдэлийн шугам, дүүргийн томоохон дэд станцтай бөгөөд эндээс гурван аймгийг цахилгаан эрчим хүчээр хангадаг.

Уурхайн үйлдвэрлэлийн талбайд иж бүрэн механикжсан нүүрсний уурхай, нүүрсийг буталж, ангилан ялгаж, ачих хоёр ширхэг шинэ технологи дамжлага, нийт дүүргийг хангах хэмжээний цахилгаан, дулаан, холбооны болон усан хангамжийн байгууллагууд, уул-тээврийн тоног төхөөрөмжийн үйлчилгээний машин засварын газрууд, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн механикжсан агуулахын аж ахуй, кислород компрессорын станц ажиллаж үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top