Алтанбулагийн чөлөөт бүсийн ажлыг 2012 оны намраас хөдөлгөх талаар яригдаж байсан ч 2013 гарчихаад байна. Харин шинэ он гарахаас өмнөхөн Засгийн эрхмүүд Алтанбулагийн чөлөөт бүсийг нэг эргэв. Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Шинэбаатар, Инноваци төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.Бэхбат тэргүүтэй төлөөлөгчид болон Мэргэжлийн байгууллагын удирдлагууд Сэлэнгэ аймагт ажиллав. Тэд Алтанбулаг боомт болон “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, хөрөнгө оруулагч компаниудын хийж буй ажлын талаарх мэдээллийг сонссон байна.
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийг хөгжүүлэх асуудал нь аймаг, сум орон нутгийн хөгжилтэй салшгүй холбоотой учир чөлөөт бүсийн асуудлыг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан цогцоор шийдвэрлэх, чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад хувийн хэвшлийнхнийг өргөнөөр татан оролцуулах нь зүйтэй гэдэг дээр очсон төлөөлөгчид санал нэгдээд буцсан байна. Улмаар энэ удаагийн уулзалтаа үр дүнтэй болсон гэж үзэж буй бөгөөд цаашид ажлын хэсэг байгуулж ажиллахаар тохиролцсон гэнэ.
Тэгэхээр асуудал болгоны араас Ажлын хэсэг байгуулдаг жишиг ч давтагдаж байна. Хөдөлдөггүй чөлөөт бүсийг хөдөлгөх эсэхийг нь бас л хүлээх ёстой болж байна.
Сэтгэгдэл ( 0 )