Замын-Үүдэд ачаа овоорохоо больсон гэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

 

Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах TLF дэд хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд дараах ажлууд хийгдэж байгаа гэх мэдээллийг салбарын яамнаас өгч байна.

2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Замын Үүд өртөөнөөс Улаанбаатарын чиглэлд «Ачааны хатуу зурмагт галт тэрэг» өдөр бүр оройны 19.00 цаг,өглөөний 9.00 цагт хоногт 2 удаа тогтоосон зурмагийн дагуу аялж эхэлснээс хойш өнгөрөгч сарын сүүлийн өдрийн байдлаар нийт 128 галт тэрэг 7356 вагон 391791 тонн ачаа тээвэрлээд байна.

Үүнээс 7135 вагон орон нутгийн ачаа 221 вагон нь хоосон болон ОХУ-ын ачаатай явсан байна. Замын -Үүд өртөөнөөс Улаанбаатар хүртэл галт тэрэг 18.14 цагаас 23.52 цагийн хооронд аялсан нь галт тэрэгний дундаж явалт 20 цаг 40 минут байжээ.

Ачааны нэр төрлөөр авч үзвэл: сахар 119, будаа 35, давс 40, чингэлэг 3559, лонх 198, шил 39, тээш 215, цемент 796, өргөн хэрэглээний бараа 146, жимс 105, хүнсний ногоо 235, барилгын материал 349, бусад 129, бусад ачаа 1299 ачаатай вагонууд тээвэрлэжээ.

Замналын галт тэрэг аялуулж эхэлснээс хойш бүх галт тэрэг тогтоосон зурмагийн дагуу явж байгаа аж. Ачааны галт тэрэг Улаанбаатар өртөөнд ирмэгц 2-5 цагийн дотор багтаан үйлчлүүлэгчдийн ачаатай ирсэн вагоныг салбар замд тавьж өгч ажиллаж байгаа аж.

Улаанбаатарт ирсэн ачаа тээшийг хүлээн авагчийн хүссэн газар нь хүргэж өгдөг «ХААЛГАНААС ХААЛГАНД» үйлчилгээг явуулж байгаагаас үйлчлүүлэгчдэд цаг хэмнэсэн үйлчилгээ болж байгаа гэнэ.

 Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр үйлчлүүлэгчид өөрсдийн биеэр ирж буулгалт дуустал хүлээн үл таних ачигч, жолооч хөлсөлж ачаа тээшээ алдах, гэмтээх эрсдлийг багасгаж, үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрсэн үйлчилгээ болсон аж.

Мөн орон нутгийн орлого нэмэгдэж байгаа аж. Үйлчлүүлэгчдийн ачааг шуурхай хүргэх тээшийн вагоны эргэлтийг сайжруулах зорилгоор нэмэгдэл тээшийн вагон аялуулснаар Замын-Үүдэд цугларсан ачааг тээшийн вагоноор хурдан тээвэрлэж вагоны эргэлтийг сайжруулан цаг хугацааг хэмнэн зорчигчдод хүрч үйлчилж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top