Дэлхийн Гаалийн Байгууллага уриагаа тодорхойлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 11

 

 

Өнөөдрийн байдлаар 179 орны гаалийн байгууллагыг нэгтгэсэн Дэлхийн гаалийн байгууллагаас 2013 оныг гаалийн байгууллагыг хөгжүүлэхэд инновацийг дэмжих жил болгон зарлалаа. Тус байгууллага 1952 оны 1 дүгээр сарын 26-нд Гаалийн хамтын ажиллагааны Зөвлөлийг байгуулах Конвенц хүчин төгөлдөр болсноор байгуулагдсан түүхтэй бөгөөд энэ өдрийг олон улсын гаальчдын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил 61 дэх удаагаа тэмдэгдэх гэж байгаа юм.

Дэлхийн гаалийн байгууллага нь гаалийн асуудлаар мэргэшсэн олон улсын нэр хүндтэй байгууллага бөгөөд гишүүн орнуудын гаалийн байгууллагууд дэлхийн хэмжээний гадаад худалдааны 98 хувийг хянаж байна.

Тэрчлэн Дэлхийн гаалийн байгууллага гаалийн хяналт шалгалтад мэдээллийн технологийн ололт амжилт, инновацийг түлхүү ашиглах, хяналтын өндөр мэдрэмжтэй тоног хэрэгслээр хилийн боомтууд, хяналтын бүсийг хангаж, гадаад худалдааны урсгалд саад учруулахгүй байхын тулд худалдааны мэдээ мэдээллийг бараа хилээр орж ирэхээс өмнө авч, дүн шинжилгээ хийж, эрсдэл тооцох, бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацааг хэмнэх талаар баримт бичиг, зөвлөмж, заавар боловсруулж, гишүүн орнуудын гаалийн байгууллагууддаа аргазүйн болон техникийн туслалцаа үзүүлдэг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top