“Ану хатан” кино бүтээгчид дэлхийн цэргийн урлагт гайхамшигт өв соёлоо үлдээсэн монголчуудын байлдааны чадвараас үзүүлэхийг зорьсон байна. Монгол цэргийн 33 түүх тулааны нэг Тэрэлжийн Зуунмодны байлдааныг туслах найруулагч В.Агар, Ааскаа гэж нэршсэн Д.Цэендаш нар хамтран найруулжээ. Галт зэвсэгтэй, европ сургагчийн зааварласан их үхэр бууны ангитай, хүний тоогоор 7 дахин илүү манжийн цэргийн өөдөөс Ойрад Монголын баатрууд арга мэх, овсгоо самбаа гарган тулалдсаныг илтгэн харуулахад хэд хэдэн шийдэл киноны түүхэнд анх удаа санаачилсан байна.
Туулын Баян хэмээх гүн тохойд Монголд анх удаа усан доор зураг авсан. Галт зэвсэгтэй манжууд голын тохойг самнахад ойрад монгол цэрэг усан доор нуугдан өнгөрүүлээд гэнэт гарч ирэн довтолж байгаа зургийг авахдаа хясаан дээгүүр 6 метр урт татлага хийсэн ажээ. Морьтон монголчуудын ур чадварыг харуулахыг хичээсэн хэд хэдэн шийдэл бүхий зураг авчээ. Зургаан метр урт, гурван метр гүн нүх, Туулын тохойн метр хагастай гүнзгийд морь унагасан хэсгээс киноны трэйллерт оруулсан нь ньyoutube-д тавигдсан байна. Хожуул дээрээс үсрэхдээ, газарт хэвтээ бамбайн дээр ойлгох зэрэг харвааны олон арга мэх ашигласан. “Ану хатан”-д Ааскаа, Төрөө нарын залуусын ахалсан 15 орлон тоглогч оролцсон.
Каскадерын ахлагч Ааскаа нь саньдэ боксын дэлхийн аваргын мөнгөн медальтай тамирчин, тусгай тасагт алба хааж байсан кинонд дуртай залуучууд баг бүрэлдэхүүнд хэд хэд байгаа ажээ. Ану хатны амь сахигч бүсгүйчүүдийн нэг, циркийн залуу жүжигчин Ц.Түвшинсайхан кино зураг авалтын дараа морин харвааны олон улсын тэмцээнд аваргалсан байна. Туслах зураач Саруул кино зургийн үеэр морин харваанд шимтэн дурлаж, зураг авалтын дараа олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ. Махир нум, атигар морьтойгоо дэлхийн түүхэнд үлдсэн баатарлаг нүүдэлчийн тулааны ов мэх, овсгоо самбаанаас чадлын хэрээр нотлон харуулахыг “Ану хатан” кино группынхэн хичээсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )