"Гаалийн тухай" хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар УИХ-ын өнгөрсөн оны сүүлийн хуралдаанаар хэлэлцэж баталсан. Үүний дагуу иргэд гаалийн бараа, тээврийн хэрэгсэл оруулж ирэхдээ арван төрлийн бичиг баримт бүрдүүлдэг байсан бол одоо цөөрч дөрөв болжээ.
Гаалийн байгууллага улсын хилээр нэвтэрч буй бараа, тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор гадаад худалдааны гэрээ, гарал үүслийн гэрчилгээ, худалдааны бичиг баримт, зөвшөөрөл, лиценз, сертификат, гадаад төлбөр тооцооны баримт, татвараас хэсэгчлэн буюу бүрэн чөлөөлөгдөж буй тодорхойлолт, түүнийг баталгаажуулсан баримт бичиг, мөн гаалийн үнийг баталгаажуулсан баримт, зарим нэмэлт бичиг баримт гээд бараг 10 гаруй төрлийн бичиг баримтыг үндэслэн бүрдүүлэлт хийж, барааг улсын хилээр нэвтрүүлдэг байсан билээ.
Харин хуульд өөрчлөлт оруулснаар 2013 оноос ердөө дөрвөн төрлийн бичиг баримтыг үндэслэн бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхээр болов. Уг бичиг баримтад нэгд, гадаад худалдааны гэрээ эсвэл тухайн барааг худалдан авч буй үнийн нэхэмжлэх, хоёрт, тээврийн бичиг баримт оржээ. Харин тусгай зөвшөөрөл шаарддаг тарифын бус хязгаарлалтад хамаардаг бараанаас зарим лицензийг шаардах аж.
Тухайлбал, эмийн зүйлсэд Эрүүл мэндийн яамны, согтууруулах ундаанд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны, буу зэвсэгт цагдаагийн байгууллагын тусгай зөвшөөрөл шаардагдана. Мөн тусгайлан заасан бараанд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт орж байна. Тодруулбал, БНХАУ-аас Монголд тахиа, гахайн мах оруулж ирэх бол хэрэглэж болох эсэхийг баталгаажуулсан эрүүл ахуйн дүгнэлт, зөвшөөрөл хэрэгтэй аж.
Энэхүү шинэ хууль, журам мөрдөгдсөнөөр бизнес эрхлэгчдийн цаг завыг ихээхэн хэмнэх бололтой.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )