Манай улсын Дотоодын нийт бүтээгдхүүний хэмжээний талаар мэдээлэл өгөхөөсөө өмнө ДНБ гэж чухам юуг, хэрхэн тооцохыг хэлээд байгааг тодотгох нь зөв болов уу.
Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу Gross Domestic Product нь тодорхой хугацаанд тухайн оронд шинээр бүтээгдсэн бараа болон үйлчилгээнүүдийн зах зээлийн үнийн нийлбэр юм. Энгийнээр нэг хүнд оногдох ДНБ нь улс орнуудын амьжиргааны түвшинг заагч болдог бөгөөд ДНБ-ийг үйлдвэрлэлтийн, ашиглалтын, хyваарилалтын гэсэн гурван аргаар тооцдог байна.
Нэг ёсондоо Дотоодын нийт бүтээгдэхүүнд Монгол Улсын хил дотор байгаа бүх үйлдвэрлэлийг оруулж тооцно. Харин Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг нь гадаадад байгаа монголын иргэн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг оруулж тооцдог юм.
Манай уншигчид ДНБ-ий талаар тодорхой ойлголттой болсон биз ээ. Тэгвэл манай улсын үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ 2012 оны урьдчилсан гүйцэтгэлээр, оны үнээр 13944.2 тэрбум төгрөг, өмнөх оныхоос оны үнээр 2856.5 тэрбум төгрөг буюу 25.8 хувь, зэрэгцүүлэх үнээр 600.9 тэрбум төгрөг буюу 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
ДНБ-ий бодит өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийн хэмжээ 21.3 хувь, уул уурхай, олборлох салбарынх 8.9 хувь, тээврийн салбарынх 11.4 хувь, бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвар үйлчилгээний салбарынх 9.2 хувь өссөн нь голлон нөлөөлжээ.
Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ-ий хэмжээ 2012 оны урьдчилсан гүйцэтгэлээр, оны үнээр 14621.1 тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 5509.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос оны үнээр 3452.9 тэрбум төгрөг буюу 30.9 хувь, зэрэгцүүлэх үнээр 598.6 тэрбум төгрөг буюу 12.2 хувиар өслөө. Энэ бодит өсөлтөд эцсийн хэрэглээ 18.1 хувь, нийт хуримтлал 24.0 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Оны үнээр тооцсон ДНБ-д эцсийн хэрэглээ 64.2 хувь, нийт хуримтлал 60.6 хувь, цэвэр экспорт -24.7 хувийг эзэлж, өмнөх оныхоос эцсийн хэрэглээ 1.9 пункт, цэвэр экспорт 0.4 пунктээр өсч, харин хөрөнгийн нийт хуримтлал 1.5 пунктээр буурч гарчээ.
Сэтгэгдэл ( 0 )