Энэ оны 2-6 дугаар сард Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагууд ажил олгогчтой хамтран уул уурхай, барилга, зам, тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт шаардлагатай мэргэжилтэй ажилтны сургалт семинарийг зохион байгуулахаар болжээ. Улмаар Хөдөлмөрийн яам, Зам, тээврийн яам, Хөдөлмөрийн төв бирж, Зам, тээврийн салбарын ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагууд ажил хайгч иргэнийг мэргэжил олгох сургалтад хамтран сургаж, үйлдвэрлэлийн дадлагыг өөрийн үйлдвэрлэл дээр хийлгэн, төгсөгчдийг ажлын байраар хангах гурвалсан гэрээ байгуулах асуудлаар зөвлөлдөх семинарыг хийхээр төлөвлөөд байгаа аж. Тус арга хэмжээ энэ сарын 16-ны өдрийн 11.00 цагт болох юм байна.
Хоёрдугаар сараас эхлэн явагдах сургалт нь онолын мэдлэг, үйлдвэрлэлийн дадлага хосолсон хэлбэрээр явагдах бөгөөд сургалтын үргэлжлэх хугацаа мэргэжлийн онцлог, сургалтын агуулга, хөтөлбөрөөс шалтгаалан 5-6 сар байх бөгөөд сургалтад хамрагдсан 3300 иргэн ажлын байртай болох боломжтой гэнэ.
Тус сургалтын үйл ажиллагаанд ажил олгогчийг бүхий л шатанд татан оролцуулж, ажил олгогч мэргэжилтэй ажилтны эрэлт хэрэгцээг тодорхойлж, хэнийг бэлтгэж ур чадварыг нь дээшлүүлж авахаа сонгож, сургалтын байгууллагатай хамтран сургаж, үйлдвэрлэлийн дадлагыг өөрийн үйлдвэрлэл дээр хийлгэж, шалгалтыг хамтран авч, төгсөгчийг ажлын байраар хангах хамтын гэрээг байгуулах аж.
Сэтгэгдэл ( 0 )