“Масктай Матар-2” буюу Н.Батбаярын бүтэлгүй ШБОС-ууд

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 16

 

“Масктай Матар” цуврал танд хүрч байна. Хамгийн их “хортой“ худлаа ярьдаг, иргэдийг хулхиддаг хүмүүс бол улстөрчид байдаг. Тэрчлэн бид монголын улстөр дэх хамгийн худалч  “Масктай Матар”-уудыг нэгийг нь ч үлдээлгүй нэрлэхээр шийдсэн бөгөөд худалчуудын тоо нэмэгдсээр байна. Эдүгээ Эдийн засгийн хөгжлийн яамыг удирдаж байгаа Н.Батбаяр эрхмийг энэ дугаарт онцоллоо.

Нэгэн үзүүр сэтгэлт намын нөхдөөсөө “байгалийн гамшиг” хэмээх анхаарал татахгүй байхын аргагүй хоч авсан энэ эрхэм 2004, 2008 оны сонгуулиудад ялалт байгуулахын тулд Архангайчуудад амласан зүйл үнэхээр их юм билээ. Ямартаа л тухайн үеийн “Монгол шуудан” банкны ТУЗ-ийн дарга Д.Зоригттой хамтран  “Одоо л хийхгүй бол хэзээ хийх вэ? Өнөөдөр л эхлэхгүй бол хэзээ эхлэх вэ? Гэсэн уриа дэвшүүлж байгаад 10 жилийн дотор 100 үйлдвэр барина гэх амлалтыг өгчээ. Гэтэл өнөөдрийн тухайд тэнд 1 ширхэг ч үйлдвэр байгуулаагүй гэдгийг нутгийн иргэд хэлж буй. Уул нь 2008-2018 онд 100 үйлдвэр барихын тулд системтэй хуваарилж хийнэ гэсэн бөгөөд тэр дагуу хийгээд явбал өнгөрөгч 2012 онд  40 үйлдвэр шинээр баригдах байсан юм билээ. Гэвч тэр амласандаа хүрээгүй.

Мөн тэрээр УИХ-д хоёр удаа дараалан сонгогдохдоо “Монгол хүний төлөө, хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болохын төлөө, импортлогч орноос экспортлогч орон болохын төлөө, иддэг хүнс, өмсдөг хувцас, хэрэглэдэг эрчим хүч, нефть бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангаж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулахын төлөө, монгол хүн бүрийн эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулж, ажилгүйдэл, ядуурлыг өнгөрсөн түүх болгон хувиргахын төлөө, ажил хөдөлмөртэй, боловсролтой, эрүүл чийрэг, аз жаргалтай, баян чинээлэг хүн ардтай улс үндэстэн болохын төлөө” гэхчлэн ихэд нүсэр бас гоё амлалтуудыг өгдөг. Харамсалтай нь хэлснээ газарт буулгадаггүй.

Уг нь тэрээр аливааг сэдэхдээ гайгүй мэт. 2004 оноос хэрэгжүүлсэн 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн автор нь Н.Батбаяр эрхэм билээ. Гэхдээ ипотекийн хууль батлагдаагүй байх үед санаачилсан эл төслийн хүрээнд баригдсан байрууд нь зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй. Борлуулалт болон чанарын асуудал дээр ч ихээхэн хэл ам дагуулсан. Ерөөс уг хөтөлбөрийг  бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахын төлөө санаачиллаа, метр квадрат нь 280-350 мянган төгрөгийн үнэтэй 40 мянган ширхэг байранд 40 мянган бага дунд орлоготой өрхийг хамруулна хэмээгээд бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахын тулд барилгын компаниудын  газрын болоод инженерийн шугам сүлжээний асууудлыг нь шийдвэрлэж, гаалийн татварыг нь тэглэж байсан ч, бага орлоготой иргэд байртай болж чадаагүй юм. Харин баячуудыг дахин байржуулсан хөтөлбөр болсон гэх шүүмж өнгөрсөн хугацаанд дагаж ирсэн билээ.

 Түүнчлэн Н.Батбаяр сайдын дэмжлэгийг авсан АН-ын нөхдүүдийн барилгын компаниуд нь 40 мянган айлыг сууцжуулах үүрэг авангуутаа метр квадратын үнийг хөөрөгдсөн. Тодруулбал,  2005 онд метр квадрат нь 350-400 ам.доллар байсан байрны үнийг  650-800 ам.доллар болгон нэмэгдүүлж, 2009 он гэхэд метр квадратын үнэ 850 ам.доллараас хэтрэн хальж, 1000 ам.доллар луу өгсөж эхэлсэн дүр зураг харагддаг. Хэдийгээр Н.Батбаяр эрхэм  монголчуудаа юм юмтай болгохын төлөө энэ хөтөлбөрийг санаачиллаа гэж ярьж байсан удаатай ч, тийм үр дүнд хүрсэн эсэхэд хэн хүнгүй дүн тавьж болохоор байна. Ер нь бол тэр хөтөлбөрийн хэрэгжилт нь 2011 онд 80 хувьтай явж байсан. Бусад 20 хувь нь цаашид байгуулагдах эсэх нь тодорхойгүй 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт шингэчихсэн үү гэдэг асуултыг тавихад ч гэмгүй л байна.

Мөн түүний нэртэй дандаа хамт явдаг нэг асуудал бол 2006 онд санаачлан батлуулсан Гэнэтийн ашгийн татвар буюу 68 хувийн татвар юм. Эрхэм гишүүн Америкт  суралцдаг охиныхоо тус дэмийг аван байж алт, зэсээс 68 хувийн татвар авах тухай хуулийг санаачилсан байдаг. Бусад гишүүд ч дэмжсэнээр УИХ Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг батласан байдаг. Нэг талаас энэ өндөр татварын үр дүнд манай эдийн засагт багагүй мөнгө орж ирсэн байж болох ч,  улсын эдийн засаг, төсөв нэг металлаас  хамааран хэврэгшсэн гэдгийг бол мэргэжилтнүүд хэлдэг. Яаж ч бодсон улсын эдийн засаг цөөн нэр төрлийн түүхий эдийн орлогоос хамаарах нь сайн зүйл биш. Гэвч 68 хувийн татвар нь алтны салбарыг гаргуунд нь гаргаж, зэсийн ханшийн хэлбэлзэл дунд найгасан тийм дүр төрхийг манай эдийн засаг руу дуудсан юм. Жишээн дээр тулгуурлан өгүүлье. Тус хуулийг батласан 2006 онд манай улсын 800 гаруй иргэн 15.2 тонн алт олборлон Монголбанкинд  худалдаж байсан статистик бий. Гэтэл алт тушаалт 2006 оноос эхлэн багассаар 2010 онд Монголбанк дөнгөж 2 тонн алт худалдаж авсан байгаа юм.

Тэрчлэн энэ хууль батлагдах тэр онд алтны татварыг 133 аж ахуйн нэгжээс авч байсан бол зэсийн татварыг ганц  Эрдэнэтээс авч байлаа. Гэтэл энэ хууль хэрэгжсэн таван жилийн хугацаанд манай алт олборлогч компанид алга болцгоосон. Гэхдээ тэд далд бол байцгаасан. 68 хувийн   өндөр татвараас зугтахыг эрмэлзсэн тэд хилээр хууль бусаар алт гаргах байдал хавтгайрсан. Зарим нь нисдэг тэргээр хил давуулж байсан тухай хэвлэлийн хуудаснаа бичигдэн үлдсэн нь ч байна. Ерөөс энэ татварын уршиг болсон олон асуудал бийгийн нэг нь Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат,  "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Паушок нар 2.9 тонн алтыг Монголбанкинд хадгалуулах гэрээгээр халхавчлан 16 тэрбум төгрөгийн Гэнэтийн ашгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэг жил жил дамнан үргэлжилсэн билээ.

Гол нь Н.Батбаяр эрхэм өөрийнх нь санаачилсан хууль улсын эдийн засагт гавьяа дагуулна гэж анхнаасаа ярьж байсан бөгөөд бодит байдал дээр Монголын эдийн засгийг нэг металлын орлогоос хамаарсан эмзэг эдийн засагтай болгож, найман оны дэлхийн эдийн засгийн хямралын үед бүсээ илүү чангалах нөхцөл байдал руу хөтлөөд алхчихсан гэдгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй юм.

 

“Масктай Матар” цувралаар танд хүрнэ.


Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top